Засгийн газар байгуулах ажлын хэсэг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй
МАН-ын Удирдах зөвлөл хоёр хоногийн өмнө хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцсэн талаар тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Тэрбээр хийсэн мэдээлэлдээ,
Нэгд, МАН УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах, хоёрт, УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг сонгосон томилгоог хэлэлцлээ. Гуравт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргалаа.
Дөрөвт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотой бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх, шинэ Засгийн газар байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулав.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд болох Баялгийн сан, орон сууцжуулах хөтөлбөр, авлигатай тэмцэх ажиллагаа, хүний эрхийг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг дэмжих гэх зэрэг томоохон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад намуудтай санал солилцох үүрэг чиглэлийг ажлын хэсэгт өгөв.
Энэ удаагийн парламентад таван нам, эвсэл орсон.Тус бүрдээ мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ард иргэд намуудын мөрийн хөтөлбөрийг үзэж судалж саналаа өгсөн. Тэгэхээр хэрэгжүүлэх боломжтой мөрийн хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах, томоохон зорилтуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах хүрээнд зөвшилцлийн ажлыг эхлүүлж байна. Тодорхой хугацаанд зөвшилцлийн ажлууд явагдана. Үүний дараа Засгийн газар, бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ.
Наадмаас өмнө УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна. Гэхдээ таван нам, эвсэл УИХ-д багтсан учир зөвшилцөхөд хугацаа шаардлагатай. Зөвшилцөл хийгээд амжилттай болбол хамтарч ажиллах асуудал яригдана. Тэгсэн тохиолдолд МАН-ын бага хурал хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргана гэлээ.
Х.Булгантуяа УИХ-ын дэд дарга, С.Бямбацогт МАН-ын бүлгийн дарга болох уу?
УИХ-д олонх суудал авсан МАН-ын бүлгээс Х.Булгантуяа гишүүнийг УИХ-ын дэд дарга болгохоор ярилцжээ. Ингэхдээ жендер талаас харснаас гадна МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэг, өмнөх Засгийн газарт Л.Оюун-Эрдэнийн танхимд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан зэргийг харгалзсан байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын зэрэг хэд хэдэн гишүүний дундаас сонгож батлахаар ярилцжээ.
Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд дарга, О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн дарга болгохыг дэмжив
Шинээр бүрдсэн УИХ-д сонгогдсон Ардчилсан намын гишүүд өчигдөр үдээс хойш анхны хурлаа хийв. Хуралдаанаар эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргын асуудал хэлэлцсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын нэр яригдаж байсан боловч Х.Баттулга нэрээ татаж, О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаар улиран сонгогдов. О.Цогтгэрэл гишүүн өмнөх УИХ-д тус намын бүлгийн даргаар ажиллаж байсан билээ.
Мөн УИХ-д бүлэг байгуулсан нам УИХ-д дэд даргатай болох учиртай. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгохыг АН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжжээ.
Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас ажиллана
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн төлөөлөл Н.Номтойбаяр тангараг өргөснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр "Ард иргэд МАН-д олонх болох санал өгсөн. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж үзэж байна. Бидэнд Засгийн газарт хамтрах ямар нэгэн урилга ирээгүй. Дөрвөн жилийн хугацаа байна, харна. Ямар ч нөхцөлд Үндэсний эвсэл хуулийн зөрчил, элдэв хулгайтай хатуу тэмцэх болно. Иргэд, сонгогчид Үндэсний эвслийг УИХ-д байх ёстой улс төрийн хүчин гэж үзсэн. Би МАН-аас гурвантаа хөөгдсөн хүн. Дахин тийшээ зүглэх сэтгэл алга. Миний өнгөрсөн 12 жилийн улс төр ямар нэгэн байдлаар хувийн эрх ашиг хөөцөлдөж яваагүй гэдгийг нотолдог. Ашиг сонирхлын зөрчил үүсэх санал хураалтад би оролцдоггүй.
Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах маягийн юм болсон. Дийлэнх олонх байсан МАН-ын хувьд сонсголын хавтсыг нь харуулаад хуудас руу нь орж чадалгүй хаасан. Сонсгол нэртэй олон асуудлыг эргээд сөхнө. Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ дахь намын дарга нартай уулзахдаа дотоод улстөржилтөөс үүсээд буй асуудалд цэг тавихыг хүссэн. Мөн гадаад бодлогыг илэрхийлэгч Ерөнхийлөгч хүний хувьд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Миний хувьд өнгөрсөн улс төрийн он жилүүдэд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зарчмын зөрүүтэй байр суурь, үл ойлголцлууд их болж байсан. Үүнийг нуугаад байх зүйлгүй. У.Хүрэлсүх болон миний буруутай үг, үйлдэл бий. Улс орны төлөө ойлголцож ярилцаж, цэг тавих зүйл дээр нь цэг тавина. Нэгэнт баримталдаг зарчим итгэл үнэмшлээсээ ухрахгүйгээр түүнийгээ хадгалж, ойлголцоод урагшлах зарчмыг би хувь улстөрчийн хувьд барина. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн ийм зарчим баримталж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )