Г.Ганхүү: "The Hu" хэдийнэ дэлхийд үнэлэгдсэн хамтлаг болсон

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

 

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний "Нар Сар" тоглолтоо эх орондоо толилуулах гэж байгаа билээ. 

Тоглолтын тухай болон "THE HU" хамтлагийн тухай "Шар айраг" хамтлагийн ахлагч, аялагч Г.Ганхүү ""Гэрэг" цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard чартын нэгдүгээр байрт орж, BTS хамтлагийн BTS WORLD, Queen хамтлагийн BOHEMIAN RAPSODY зэрэг цомгуудыг ардаа орхисонд бүр үнэмшиж өгөхгүй байсан. Би аялагчийн хувиар дэлхийн 120 гаруй улсаар аяласан. Өмнө нь Монголоос ирсэн гэхээр Чингис хаанаар л төсөөлдөг байсан бол одоо "THE HU" хамтлагийн тухай асуух нь их болсон байна.

"THE HU" хамтлаг маань Монголоо төлөөлөөд эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж, олон оронд сурталчилж байна. Ийм том хамтлаг эх орондоо, Улаанбаатар хотдоо тоглолтоо хийх гэж байгаад маш их баяртай байгаа. 

Томоохон хөгжмийн фестивалиудад оролцож буй хамтлаг дуучдын жагсаалт гардаг. 2019 онд "THE HU" хамтлаг Rock am ring фестивальд хамгийн эхэнд тоглох хамтлаг болж байсан. Тухайн үед "THE HU" тоглолт эхэлмэгц хүмүүс шаваад тоглолт нь дуусмагц тарчихсан. Тэр бичлэг нь хүртэл байдаг. Мөн 2020 онд Coachella-д тоглосон. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө дэлхийн хамгийн том гэгддэг бүхий л фестивальд тоглолоо шүү дээ. Саяхан болсон том фестивальд тоглох хоёр том хамтлагийн нэг нь "The Hu" болж чадсан. Тэгэхэд дүү нараараа үнэхээр бахархаж байсан. "THE HU" хэдийнэ дэлхийд үнэлэгдсэн хамтлаг болсон 

Нэг томоохон рок хөгжим судлаач бичсэн байсан л даа. "Metallica хамтлаг гарч ирээд маш олон жил ноёрхсон. Рок хөгжим, тэр дундаа металл хөгжим оргилдоо хүрсэн гэж би дүгнэж байтал хаа байсан Монголоос "THE HU" гэдэг хамтлаг гарч ирээд тэс өөр зүйлс үзүүлсэн. Би эндүүрч явсан байна. Та бүхнээс уучлалт хүсье" гэсэн байсан. Элтон Жон хүртэл сэтгэгдлээ хэлсэн байсан. 

Одоо болох тоглолтын тайз, дэлгэц зэрэг намайг үнэхээр гайхшруулсан. Дэлхий нийтэд Монгол гэж ямар улс байдгийг, монголчууд "THE HU" хамтлагаа хэрхэн хүлээж авч байгааг энэ удаа харуулна гэж би ойлгож байгаа" гэжээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

"The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авчээ.

Уг дуугаараа дэлхийн рок хөгжмийн урсгалд шинэ салхи авчирсан тэд үргэлжлүүлэн "Wolf Totem", "Shoog shoog" зэрэг дуунуудаа гаргаж, 2019 онд "Gereg" хэмээх цомгоо худалдаанд гаргажээ. Энэхүү цомог худалдаанд гарсан даруйдаа Billboard-ийн World albums төрөлд 1-р байрт жагссан байдаг.

Монголын уран бүтээлчид эх хэл дээрээ гаргасан уран бүтээлээрээ дэлхий дахины анхаарлыг татна гэдэг ердөө мөрөөдөл төдий байсан цаг саяхан. Харин "The Hu" хамтлаг энэхүү мөрөөдлийг бодит болгож дэлхийд томоохонд тооцогддог “Coachella”, “Hellfest” зэрэг хөгжмийн фестивалиудын тайзнаа тоглож, өнгөрсөн хугацаанд хоёр цомог, дөрвөн сингл цомог гаргаж, Америк, Европ, Австрали, Ази тивд нийт 270 гаруй тоглолт хийжээ. 

 

Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой

Энгийн тасалбар: 99,000 төгрөг

"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг

"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top