"Ногоон автобус"-ны хэргийг ХОЁР ДАХЬ өдрөө хэлэлцэж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

"Ногоон автобус"-ны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.07.04/ Барилга, технологийн политехникийн коллежийн байранд эхэлж, шөнө хүртэл үргэлжилсэн тул түр завсарлаж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд уг хэргийн 24 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн багтахгүй гэдэг шалтгаанаар тус газарт шүүх хурлыг хийж байгаа юм.

Хэргийг сануулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар зарласан тендерийн нийлүүлэгчээр шалгарсан “Тэнүүн огоо” ХХК-д тендерийн эхний санхүүжилт болох 134,561,367,100 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Тендерийн хүрээнд эхний ээлжинд их багтаамжийн Евро-2 маркийн 100 автобус /ногоон/, дунд багтаамжийн 50 автобус, их багтаамжийн цахилгаан автобус 55 ширхэгийг тус тус нийлүүлжээ. Үүнээс техникийн шаардлага хангасан 46,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн цахилгаан 55 автобус, дунд багтаамжийн 50 автобусыг улсын орлого болгон хүлээн авсан.

Тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолт, шаардлагыг хангаагүй 88,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий их багтаамжийн 100 автобус /ногоон/-ны хохирлоос мөрдөн байцаалтын явцад 11,941,079,200 төгрөгийг бэлнээр нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг ханган нийт 59 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө буюу 71,778,805,590 төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байдаг. 

Дээрх хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан ба үүнд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 хүн татагджээ. Шинжээчийн дүгнэлтээр автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн болох нь тогтоогдсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top