“Чи бикинитэй, би хижабтай тоглохыг хүсч байна”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 08 сарын 02

Парисын олимпын наадамд оролцож буй Францын баг тамирчдыг хижаб өмсөхийг хориглосон. Үүнийг Египетийн элсний волейболын тамирчин буруу шийдвэр гэж бодож буйгаа нуулгүй хэлжээ.

Пүрэв гаригт олимпын элсний волейболын эмэгтэйчүүдийн тэмцээнд Испани – Египетийн баг тааран тоглолоо. Хэн ч харсан хоёр багийн тамирчдын хувцас тэс өөр байв. Испанийн Лилиана Штайнер, Паула Гутьеррес нар бикинитэй, харин Египетийн Марва Абдельхада, Доа Эльхобаши нар хижабтай.

Египетийн хоёр бүсгүй энэ тоглолтод хожигдсоныхоо дараагаар Францын баг тамирчдыг олимпын наадамд хижабтай оролцохыг хориглосныг шүүмжиллээ. 

“Би хижабтайгаа тоглохыг хүсдэг. Харин тэд бикинитэй тоглохыг хүсдэг. Хүсвэл хувцсаа тайлаад бикинитэй гарч болно. Эсвэл хижаб өмссөн ч болно. Зүгээр л хэн хэнийхээ соёл уламжлал, шашин шүтлэгийг хүндлэх ёстой. 

Жишээ нь, би та нарыг хижаб өмс гэж шаардахгүй байгаа биз дээ. Тэгвэл та нар бас биднээс бикини өмс гэж шаардах ёсгүй. Хэн юу өмсөхийг хэн ч зааж, зааварчлах ёсгүй. Энэ чинь эрх чөлөөтэй орон. Хүн бүр хүссэн хувцсаа өмсөх эрхтэй” хэмээн Эльхобаши өгүүлсэн байна. 

Олимпын нээлтэд Францын ойрын зайн гүйгч Сункамба Силлаг хижабтай оролцохыг эхлээд хориглосон юм. Дараа нь энэ мэдээлэл Дэлхийгээр нэг тарсан тул Силлаг малгай өмсөж оролцохыг зөвшөөрсөн юм. 

Amnesty International зэрэг хүний эрхийн төлөөх байгууллагууд Олон Улсын Олимпын Хороонд өнгөрсөн сард захидал илгээж, хүний эрхийг зөрчиж болохгүйг сануулсан удаатай.

“Францын мусульман тамирчдыг хижаб өмсөхийг хориглосон эрх мэдэлтнүүдийн шийдвэр нь хүний эрхийг зөрчиж байна” гэж тэр захидалд дурдсан байв. Франц улсад спортын уралдаан тэмцээний үеэр хижаб өмсөхийг хориглосон хууль байхгүй. Тэгтэл ийм шийдвэр гаргах нь буруу гэж үзсэн юм. 

1996 оны Атлантын олимпоос хойш элсний волейболын төрөлд өрсөлдөх тамирчид бикини өмсөх болсон. Харин 2012 онд Олон Улсын Волейболын Холбоо энэхүү дүрмийг зөөлрүүлж, шорт, майктай тоглохыг зөвшөөрсөн юм.

“Би бикинитэй биш хижабтай тоглох дуртай. Магадгүй өөр нэгэн тамирчин эмэгтэйд энэ нь таалагдахгүй байж болно. Харин надад бол хижабтай тоглоход чөлөөтэй, амар байдаг юм. Энэ чинь л эрх чөлөө биз дээ. Хижаб бол миний биеийн салшгүй нэг хэсэг” хэмээн Эльхобашигийн хэлсэн үгээр энэ нийтлэлийг өндөрлүүлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top