Спортын гимнастикийн төрөлд Карлос Юло олимпын хошой алтан медаль хүртсэнээр филиппинчүүдийнхээ магнайг тэнийлгэж, эв нэгдлийн бэлэг тэмдэг нь болоод байна.
Филиппин улс хэдийгээр 115 сая хүн амтай ч гэлээ спортын ертөнцөд жижиг улсад тооцогддог. Энэ улсын түүхэнд Юлогоос өмнө ганц Олимпын аварга төрсөн нь Токиогийн олимпод түрүүлсэн хүндийг өргөгч Хидилин Диас юм.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Карлос Юло спортын гимнастикийн чөлөөт үзүүлбэрт түрүүлж, олимпын алтан медаль хүртлээ. Харин маргааш нь харайлтын төрөлд мөн түрүүлж, алтан медалиа ихэрлүүлсэн юм.
Филиппинийн Ерөнхийлөгч Фердинанд Маркос “Чамаар ямар их бахархаж буйгаа үгээр илэрхийлж чадашгүй нь. Филиппинчүүд бүгдээрээ нэгдэж, чамайг дэмжин баярлаж байна” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл тус улсын парламентын доод танхимын дарга Мартин Ромуальдес “Юло бол Филиппинийн баатар, үндэсний баялаг” хэмээн зарлалаа.
Ийм гайхамшигтай амжилт үзүүлсэн Юлод 6 сая филиппин песо буюу ойролцоогоор 104 мянган ам.доллар. Монгол мөнгөөр бол ойролцоогоор 351 сая төгрөг урамшуулалд олгох ажээ. Гэхдээ үүгээр тогтохгүй. Спортын шагнал урамшууллын тухай хуулийн дагуу 10 сая песо нэмж хүртээх юм байна.
Үүн дээр хувь хүн, байгууллагууд шагналын хур буулгаж эхэлсэн байна. Манила хотноо олон өрөө байр бэлэглэхээ нэгэн компани мэдэгдлээ. Мөн насан туршдаа хэрэглэх бяслагтай гоймонгийн хэрэгцээ, тахианы махны хэрэгцээ, ресторанаар бүх насаараа үнэгүй үйлчлүүлэх эрх гээд бэлгүүд цуварчээ.
Мөн Филиппинийн нэгэн эмч эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээ амласан байна. Зөвхөн өөрийнх нь эрүүл мэндийг ч бус Юлогийн эмчлээд өгөөч гэсэн хэнд ч үнэгүй үйлчилнэ гэжээ.
Өнгөрсөн бямба гарагт эхний алтан медалиа гардсаныхаа дараагаар Юло дэвжээн дээрээ баярын нулимс унагахдаа “Юу хэлэхээ мэдэхгүй байна. Манай улс жижигхэн. Тиймээс бидний хувьд олимпын алтан медаль хүртэнэ гэдэг маш том амжилт, маш том утга агуулгатай. Намайг дэмжсэн бүх филиппинчүүддээ энэ ялалтаа зориулъя” хэмээн мэдэгдэж байлаа.
Түүнд амлаж буй бүхнийг дурдаж дуусахааргүй болж буй сурагтай. Гэхдээ зарим нэг онцгойг нь хэлье. Гоо сайхны нэгэн компани 10 сая паундын үйлчилгээг үнэгүй үзүүлэхээ мэдэгдсэн бол кафе, ресторанууд бүх насаараа үнэгүй үйлчлүүлэхийг урьжээ. Мөн үүнээс гадна Карлостой адил К үсгээр нэр нь эхэлсэн бүх хүмүүсийг бүжгийнхээ талбайд үнэгүй оруулахаа нэгэн бүжгийн ордноос мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хөөх
ЭНЭ НӨХӨР АЯНДАА ЭВДЭРЧ ДУУСАХ ЯНЗТАЙ БОЛООД ЯВЧИХЛАА