ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг скэйтбордын шилдгүүдэд медаль гардууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 08

МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг "Парис-2024" олимпын наадмын скэйтбордын эмэгтэйчүүдийн парк төрлийн ялагчдад медаль гардууллаа. Түүнтэй хамт Дэлхийн скэйтийн холбооны ерөнхийлөгч Италийн иргэн Сабатино Араку байлцав.

Нийт 13 улсын 22 тамирчин оролцсон тус төрөлд Австралийн 14 настай тамирчин Ариса Трью түрүүлж, алтан медаль хүртэв. Харин мөнгөн медалийг Японы тамирчин Хираки Кокона хүртсэн. Тэрээр 4 жилийн өмнө Токиод болсон олимпын наадмаас 11 насандаа мөнгөн медаль хүртэж, Японы түүхэн дэх хамгийн залуу медальтан болж байсан билээ. Хүрэл медалийн эзэн Их Британийн Скэй Браун 4 жилийн өмнө мөн 3-р байрт шалгарч байжээ. Олимпын наадмын хамгийн залуу спортод тооцогдох уг төрөлд насны доод хязгаар байдаггүй онцлогтой.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахын олимпын хөдөлгөөний шинэчлэлийн гол суурь нь залуучууд болон хотын спортыг дэмжих замаар залуучуудыг идэвхжүүлж, олимпын үзэл санааг түгээх байсан юм. Үүнтэй холбоотойгоор "Токио 2020" наадмаас эхлэн 3х3 сагсан бөмбөг, скэйтборд зэрэг спорт шинээр нэмэгдсэн бол Парис 2024 наадамд брэйк бүжиг, спорт авиралт, сюрфингийн төрлүүд хөтөлбөрт багтсан юм.


ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн хувьд олимпын наадмын нээлтийн өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын медальтнуудад медаль гардуулсан. Энэ төрлөөс Монголын тамирчин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ.

Олимпын наадамд оролцож буй ОУОХ-ны гишүүд олимпын хороо болон спорт холбоодын хуралд оролцох, холбогдох арга хэмжээнүүдэд ОУОХ-г төлөөлөх, тэмцээний медальтнуудад медаль гардуулах, дараагийн наадмын бэлтгэл, төлөвлөгөөг гаргах зэргээр албан үүргээ гүйцэтгэдэг. Мөн медаль гардуулах үедээ ОУОХ-ны гишүүний илэрхийлэл болсон медалийг заавал зүүх протоколтой байдаг юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.146.138) 2024 оны 08 сарын 09

гишүүн Б.Баттүшиг  ajilaa ugnu u \n ajiliin ur dun chin ardtumend unelegdehgui bna

0  |  0
Top