Парисын зуны олимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн гүйлтэд түрүүлсэн АНУ-ын тамирчин Ноа Лайлс 200 метрийн зайд уралдахынхаа өмнө ковид туссанаа олж мэджээ.
Усэйн Болтын 100 болон 200 метрийн зайд хоёуланд нь түрүүлсэн гайхамшигтай амжилтыг давтахыг хүссэн ч Ноа Лайлс өнгөрсөн мягмар гарагийн өглөө сэрэхэд хоолой нь хөндүүрлэсэн байсан гэнэ. Ковид туссанаа олж мэдсэн ч гэлээ 200 метрийн зайд гүйхээр шийдэж, улмаар олимпын хүрэл медаль хүртсэн юм.
Гэвч барианд орсныхоо дараагаар толгой эргэж, цээж хөндүүрлэсэн тул тэр даруй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна.
Биеийн байдал нь хэвийн болтлоо сандал дээр суусан Ноа Лайлс өөрийг нь тойрон бүчих сэтгүүлчдэд “Би ковид тусчихжээ. Үүрээр 5 цагийн үед шинжилгээ өгөхөд илэрсэн. Шинж тэмдэг ч их байлаа. Ковид туссанаа мэдмэгцээ бид олимпын хотхоноос гарч, ойрхон нэгэн зочид буудалд очин байрлаж, тусгаарлалтад орсон. Ямар ч байсан би уралдана гэж шийдсэн юм. Гэхдээ бусад гүйгчдээс зайгаа барьж, харилцаагүй. Би 100 хувь бэлэн байж чадаагүй ч гэлээ 90-95 хувьтай байж чадсан” хэмээн өгүүлжээ. АНУ-ын бусад гүйгчдэдээ ч өвчтэй байгаагаа хэлэлгүй нуусан гэнэ.
“Өвчтэй гэдгээ хэлж өрсөлдөгчдөдөө давуу байдал олгохыг хэн ч, хэзээ ч хүсэхгүй шүү дээ. Тийм биз? Мэдээж, ковид миний амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Шөнөжин, өглөөжин ханиалгасан хүний бие яаж бүрэн бэлэн байхав? Тиймээс би ковидтой хэрнээ хүрэл медаль хүртсэнээрээ бахархаж байна” хэмээн Ноа Лайлс өгүүлжээ.
Олимпын 200 метрийн зайн гүйлтэд Олимпын аварга болсон Ботсваны Летсиле Тебого 200 метрийн зайд 19.46 секундын амжилт үзүүлсэн бол мөнгөн медаль хүртсэн АНУ-ын Кенни Беднарек 19.62, харин Ноа Лайлс 19.70 секундын цагаар орсон юм.
Ноа Лайлсын 200 метрийн хамгийн хурдан цаг нь 19.32 секунд байдаг.
Сэтгэгдэл ( 0 )