“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Тайж хайрханы бэлд зохион байгуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 09

 

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.

Ийнхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулахаар болсон бөгөөд "Соёлын биет бус өв"-ийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 14 орны 150 гаруй уран бүтээлчид оролцохоор болсон.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

Та бүхнийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(103.212.119.116) 2024 оны 08 сарын 20

Энн сайхан арга хэмжээг хотоос хол газарт зохион байгуулсан нь одон хүмүүс үзэж сонирхох нөхцөл бүрдээгүй, маш их түгжрэлтэй, тэр автобуснууд нь үнэгүй гэдэг утгаараа маш их хүлээлгэдэг ийм л юм байсан.\nАвтобусанд нь хүүхдээ тэвэрсэн хүн, ахмадууд бүтэн 2 цаг зогсоогоороо явж хүрсэн шүү.\nЦаашил анхаармаар бна

0  |  0
Top