Парисын зуны олимпын наадмын зүлэгний хоккейн эрэгтэйчүүдийн финалд Нидерланд-Германы шигшээ үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, пенальтиар ялагчийг шийдвэрлэлээ.
Пенальтиар Нидерландын шигшээ багийнхан 3:1-ээр илүүрхэж, олимпын аваргын болзол хангасны дараагаар сүүлчийн хожлын пенальтийг гүйцэтгэсэн Дуко Тельгенкамп ялагдсандаа гутран сөхөрч суусан өрсөлдөгч багийн хаалгач Жан-Поль Даннегерийн өмнө очиж, уруул дээрээ гараа барин, дуугүй байхыг дохио зангаагаар харуулснаар хоёр багийнхан хоорондоо барьцалдаж аван, муудалцахад хүрчээ.
Яагаад Тельгенкамп хожигдоод гутарч суугаа өрсөлдөгчийгөө элдэвлэн басамжилсан үйлдэл гаргасан талаар зарим хэвлэлүүд таамаг дэвшүүлсэн байна.
Финалын тоглолтын өмнө Даннегер ярилцлага өгөхдөө “Нидерландын шигшээгийнхэн биднээс их айж байгаа байх” гэж хэлсэн юм байна. Энэ үгийнх нь хариуг Тельгенкамп тэгж өглөө гэж хэвлэлийнхэн таамаглажээ.
Гэхдээ Нидерландын шигшээ багийн тоглогчийн гаргасан энэ үйлдэл олон хүний эгдүүцлийг төрүүлсэн байна.
Сошиал орчинд энэ талаар хэрэглэгчид байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.
Зарим сэтгэгдлээс дурдвал, “Ийм хөгийн зан гаргаж байхаар зүгээр л нэр төртэй сайхан баяраа тэмдэглэхгүй дээ” гэж нэгэн хэрэглэгч харамссан бол “Тэртэй тэргүй ялж, аварга болчихоод ингэх ямар хэрэг байв?” хэмээн өөр нэгэн асуужээ.
“Үнэндээ эд нар тамирчид биш зүгээр л дураараа эрх банди нар юм байна” хэмээн нэгэн хэрэглэгч эгдүүцлээ илэрхийлэхэд “Хаалгач сэтгэлээр хангалттай уначихсан байхад ингэх ямар хэрэг байна?” хэмээн өөр нэгэн бичжээ.
“Ялчихсан юм бол явж баяраа тэмдэглэ л дээ. Юунд ялагдсан багийнхныг басамжлан доромжилно вэ!” гэсэн сэтгэгдэл ч харагдана. Мөн өөр нэгэн хэрэглэгч “Жудаггүй аварга болох нь жулдаж хожигдсоноос долоон дор” гэсэн бол “Германчууд юу ч хэлсэн байлаа гэсэн ийм үйлдэл гаргах нь зохисгүй, муухай харагдаж байна” гэжээ. Ийнхүү зүлэгний хоккейн финалын тоглолт тун таагүй үйлдлээр төгслөө.
Гаргасан үйлдлийг нь олон нийт илт эгдүүцэн шүүмжилж буйг ойлгосон Тельгенкамп “Би тэгэх шаардлагагүй байсан юм. Буруу юм хийсэн” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар адуу биш дээ дүүхэлзээд байхдаа ч яахав. Дэвжээний алчуур болсоор л ирсэн дээ