Парисын зуны олимпын наадмаар зарим тамирчны эр, эм хүйсийн талаар яриа гарч, дэлхий даяараа ам уралдан шуугисан. Тэгвэл яг эсрэгээрээ эр гэдэг нь дэндүү ойлгомжтой жирийн нэгэн гүзээлэг эр олимпын наадмаар юу хийж явааг мөн асууцгаах болсон байна.
Зураг дээрх эрийг Йосип Врлич гэнэ. Одоо 38 настай. Хэдийгээр интернэт хэрэглэгчид “Жинхэнэ тамирчны бие галбиртай юм” гэх юмуу эсвэл “Эмэгтэйчүүд ийм л эрийг хамгийн ихээр хүсдэг юм даа” гэх мэтчилэн хошигнож буй ч Врлич усан пологийн ертөнцдөө бол том нэр юм.
Усан пологийн хамгийн өндөр түвшний тамирчид дотроо ч үлэмж биетэнд тооцогдох түүний биеийн өндөр 198 сантиметр, жин 135 кг. Элит түвшний полочид дотроо хамгийн хүнд жинтэй нь. Төвийн довтлогчоор тоглодог ийм нүсэр эрийн эсрэг хаалт хийнэ гэдэг тамын ажил. Усан полочдын дундаж жин 95 кг, харин төвийн довтлогчдынх 100 кг байдаг.
“Жирийн үзэгчид бол усан полог ямар их биеийн хүч шаарддагийг ойлгохгүй. Усан дээрхийг нь харахаар гандбол шиг хэрнээ харин усан дор бол сонгомол бөхийн барилдаан шиг юм болдог” хэмээн тус спортыг сайн мэддэг нэгэн хэрэглэгч сэтгэгдэлдээ дурджээ.
Врлич Рио-де-Жанейрогийн олимпод Бразилын шигшээд багтан оролцсоноо Токиогийн олимпод болохоор Хорватынхаа шигшээ багийн тоглогчоор очиж, тавдугаар байр эзэлжээ. Врличийн амжилтын жагсаалтад Дэлхийн аварга, Аваргуудын лиг, Супер цом, Хорват, Испани, Бразил, Сербийн аварга болсон тэмдэглэгээ бий.
Токиогийн олимпын дараа Врлич тамирчны замналаа өндөрлүүлж, тайван сайхан амьдардаг юмуу гэж нэг бодсоноо заавал олимпын медаль авмаар санагдсан тул үргэлжлүүлэхээр болсон юм билээ. Үүнийхээ ч үр шимийг хүртэж Хорватын шигшээ баг олимпын наадмын финалд шалгараад байна.
Наймдугаар сарын 11-нд Сербийн эсрэг амжилттай тоглож чадах эсэхээс жирийн нэгэн гүзээлэг эр шиг галбиртай шилдэг тамирчин алт, мөнгөн медалийн алинтай нь харихаа шийдэх болно.
Сэтгэгдэл ( 4 )
Saihan Eejiin neg baina
Эр хүн бага зэргийг гүзээтэй байх нь аятайхан шүү дээ хө!!! Хэт унживал!!!
Элон Масктай адилхан л байна даа. Ямар хөгжилтэй олимп бэ.
Huurhun yum. Mundag.