Футзалын дасгалжуулагчийн III зэрэглэлийн сургалт амжилттай хэрэгжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 19

Азийн Хөлбөмбөгийн холбооны (AFC - АХБХ) Футзалын дасгалжуулагчийн III зэрэглэлийн сургалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдлаа. 

Монголын хөлбөмбөгийн холбоо анх удаагаа футзалын дээд түвшний сургалтыг АХБХ-той хамтран эх орондоо зохион байгуулсан ба 2024 оны долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 11-нийг хүртэл нийт 14 хоногийн турш онол, практикийн хосолсон хэлбэрээр үргэлжилсэн юм. 

Сургалтын эхний 12 хоногийг АХБХ-ны сургагч багш, Иран улсын мэргэжилтэн Шахрзад Moзафар, БНСУ-ын мэргэжилтэн И Ёнг Жин нар, суулийн гурван өдрийг АХБХ-ны футзалын фитнесийн сургагч багш, БНХАУ-ын мэргэжилтэн Занг Ченг нар удирдан явуулжээ. 

МХБХ нь футзалын хамгийн дээд түвшний сургалтыг чанартай, үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байгаа бөгөөд Австрали, Өмнөд Солонгос, Япон, Бразил болон Монголын футзалын дасгалжуулагч нараас бүрдсэн 16 оролцогч хамрагдсан байна. 

Сургалтыг удирдсан Иран улсын мэргэжилтэн Шахрзад Moзафар “Футзалын III зэрэглэлийн сургалт нь I, II дугаар түвшний сургалтыг бодвол онцлог ялгаатай. Энэ түвшний дасгалжуулагч нар бол эхлэн суралцагчид биш. Тиймээс оролцогчид зөвхөн багш нарын үгийг сонсож суралцах биш харин бүгдээрээ ярилцаж, туршлагаа хуваалцаж, дасгалжуулагчийн ур чадвараа харилцан дээшлүүлэх оновчтой санаануудыг гаргаж ажилласан” гэдгийг онцолжээ. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top