Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2022 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж эхэлсэн Япон улсын мэргэжилтэн Ичиро Оцукаг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Уг шийдвэрийг Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Удирдах зөвлөл гаргажээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар уригдан ирж ажилласан түүний анхны тоглолт нь 2022 оны гуравдугаар сард Лаосын багийн эсрэг тохиож байлаа. Харин өнгөрсөн зургаадугаар сард Камбожийн багийг нутагтаа 2:1 харьцаатай буулган авсан юм.
Ноён Ичиро Оцука нь Монголын Үндэсний шигшээ багийг удирдаж, нийт 16 тоглолтод оролцохдоо 2 хожиж, 2 тэнцэж, 12 удаа ялагдал хүлээжээ.
Түүнийг ажиллаж байх хугацаанд Монгол-Япон хоёр улсын хоорондын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг онцлох нь зүйтэй. Дасгалжуулагч Ичиро Оцукагийн цаашдын замналд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )