Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны УЗ-ийн гишүүнээр МТҮП-ын захирал Ж.Золзаяаг батламжиллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

 Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсаас анх удаа Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП)-ын захирал Ж.Золзаяаг батламжиллаа


Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо (ASPA) нь Ази-Номхон далайн бүсийн шинжлэх ухаан, технологийн паркууд, судалгаа хөгжүүлэлтийн төв, инновацийн хаб, технологи дамжуулах төвүүд, мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэн, салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан, бүс нутгийн хүрээнд бодлого тодорхойлох, мэдлэг түгээх, технологи дамжуулах  тэргүүлэгч институц юм.

Тус холбооны XXVII Их хурал 2024 оны наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, өндөрлөлөө. Нийт 11 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон ASPA-ны Удирдах зөвлөлийн 42-р дахь хурлаар Мэдээлэл, технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяаг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжилсан нь арга хэмжээний онцлох хэсэг байв. 
 


Шинэ батламжлагдсан удирдах зөвлөлийн гишүүний тухай

Жаргалсайханы Золзаяа нь Монгол улсад гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй нийгмийн энтрепренер бөгөөд Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркын анхны эмэгтэй захирал юм. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хурдасгагч болох мэдээллийн технологийн салбарын хөгжил, тэр дундаа тус салбарын талаар төрөөс баримтлах бодлого болон бизнесийн байгууллагуудыг уялдаа холбоог сайжруулах, улмаар дэлхийн тавцанд үнэлэгдэх үндэсний юникорн төрүүлэх зорилгын хүрээнд олон ажил амжилттай хэрэгжүүлээд байна. 

Тухайлбал, тус салбарын анхны хууль болох Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг батлуулахад идэвхтэй оролцож,  бизнесийн байгууллагуудыг дэлхийн тавцанд гаргах “ICT Expo 2023”, “Startup Challenge Mongolia 2024” зэрэг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд байна. 

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг бүс нутгийн хэмжээнд таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Азийн шинжлэх ухааны паркуудын XXVII их хурлыг амжилттай зохион байгуулсны зэрэгцээ тус холбоонд Монгол Улсаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр батламжлагдсан нь чухал үр дүн юм.
 


Хүлээгдэж буй үр дүн

Азийн шинжлэх ухааны паркуудын XXVII их хурлын үеэр Монгол улсыг азийн орнуудын холбогч бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны төв болгох Mongolia: A hub for connectivity and Collaboration уриалгыг дэвшүүлэн, их хуралд оролцогчдоор амжилттай дэмжүүллээ. Уриалгын хүрээнд; “Education matters” залуу үеийг шинжлэх ухаан, технологийн салбарт уриалан дуудах, салбарын шилдэг мэргэжилтнүүд залуу халаагаа  төлөвшүүлэх (I); азийн шинжлэх ухаан, технологийн паркууд хамтран дэлхийд үнэлэгдэх “ЮНИКОРН” төрүүлэх (II); хамтын ажиллагааг нягтруулах (III) зорилтуудыг санаачлан дэвшүүлсэн. 

Монгол Улсын түүхэнд анх удаа Шинжлэх ухаан, технологийн салбарын бүс нутгийн тэргүүлэгч байгууллагын удирдах зөвлөлд сонгогдсон нь эдгээр уриалга, зорилтуудыг бодит үр дүнд хүргэх, улмаар салбарын хөгжлийг ахиулах, инновац, технологийн бизнесүүдийг Азийн зах зээлд нэвтрэхэд гүүр болох өндөр ач холбогдолтой юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top