Ази тивийн аварга шалгаруулах 19 дүгээр тэмцээний playoff шатны хоёр дахь тоглолтод манай улсын шигшээ баг Зүүн-Тиморыг 2:0 онооны харьцаагаар хожсон ч харамсалтай нь, эхний шатны тоглолтын онооны нийлбэр дүнгээр ялагдал хүлээлээ.
Гэсэн ч нийт 90 минутын туршид дайчин, илт илүүрхсэн, уран тоглолт үзүүлж хөгжөөн дэмжигч нараа баярлуулсан олон агшныг манай шигшээ багийнхан үзүүлж чадлаа.
Тоглолтын эхний хагасын 08 дахь минутад 3 дугаартай тамирчин Э.Төрбат багтаа анхны гоолыг авчирсан бол, хоёр дахь хагасын 55 дахь минутад 17 дугаартай тамирчин А.Дөлгөөн хоёр дахь гоолыг оруулж чадсан юм.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай “Бали хотод болсон эхний тоглолтод багийнхан маань талбайд хангалттай ойлголцож чадаагүй нь 4:1-ийн харьцаагаар ялалт хүлээх нэг хүчин зүйл болсон. Энэ удаагийн тоглолтод бид багийн уур амьсгалдаа илүү анхаарал хандуулсан. Хэдийгээр хүндхэн даалгавартай тоглолт хийж хожсон ч санасан үр дүндээ хүрч чадаагүйдээ харамсч байна” гэлээ. Харин Зүүн Тиморын шигшээ багийн ахлах дасгалжуулагч “Миний бие тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр монголын тамирчдын тэсвэр хатуужилтай байдлыг онцолж байсан. Тэд энэ удаад ч түүнийгээ батлан харуулж чадварлаг тоглолт хийлээ. Монголын тамирчид бие бялдрын хувьд ч илүү. Харин манай шагшээ багийн хувьд цаг агаар болон талбайн ялгаанд аль болох дасан зохицож тоглох гэж хичээлээ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )