Олон улсын нэг хүний жүжгийн уралдаант фестиваль “Ялагчдын цуваа 2024” тав хоногийн турш амжилттай үргэлжилж, өчигдөр шилдгээ тодрууллаа. “Монголын моно жүжгийн төв”-ийн санаачилгаар найм дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд энэ жил Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол гэсэн зургаан орны жүжигчид оролцлоо.
Тэмцээний “Гранпри” шагналыг Косово улсын жүжигчин Ментор Зимбераж “Гамлетийн зүүд” жүжгээрээ хүртсэн бол “шилдэг найруулагч” шагналыг манай орны УДЭТ-ын жүжижгчин, МУСТА Г.Отгонцэцэг “Дөргөнэ хатан” жүжгээрээ хүртлээ. Харин “шилдэг жүжигчин”-ээр Болгар улсын жүжигчин Севар Иванов “Бяцхан нохой инээв” жүжгээрээ шалгарлаа.
Энэ жилээс эхлэн олон улсын нэг хүний жүжгийн уралдаант фестивалийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ удаагийн уралдаант фестивалийг Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, Ерөнхий шүүгчээр Кипер улсын Остров театрын зохиолч Светлана Иванова ажиллалаа. Харин Монголын талаас УДЭТ-ын найруулагч О.Гэрэлсүх ажилласан юм.
Нэмж дурдахад манай орны хувьд Дархан-Уул аймгийн Залуучууд театрын жүжигчин Ч.Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл” жүжгээр, Албани улсын жүжигчин Марина Ивашченко “Буррнеша” жүжгээр, Бүгд найрамдах Тува улсын жүжигчин Айзана Чылбак-Оол “Дуучны амьдрал” жүжгээр тус тус өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )