Монголчуудын 100 жилийн өмнөх түүх буюу Оскар Мамены буулгасан "Увдист өргөө"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17


Тэртээх 113 жилийн өмнө нэгэн худалдааны төлөөлөгч ажлын аяллаар алс холын Норвегиос Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотноо иржээ. Харин тэр энэ аялал нь түүний цаашдын амьдралыг өөрчлөн, түүхэнд тэмдэглэгдэх аялагч, судлаач, гэрэл зурагчин болгоно хэмээн төсөөлөөгүй биз ээ. Түүний нэрийг Оскар Мамен (1885-1955) гэдэг. Оскар Мамен 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүхийг өгүүлэх 8000 гэрэл зураг, 500 гаруй эд зүйлсийг насан туршдаа хайрлан хадгалж, үр, ач, зээдээ үлгэр, домог мэт ярьсаар ирсэн нь Өргөө хотын увидаст оршин буй.

Түүний үлдээсэн эдгээр түүхэн зураг, баримт, тэмдэглэлүүд нь тухайн цаг үеийн үйл явдал, итгэл үнэмшил, омогшил гэх мэт чухал зүйлсийг агуулдаг ба 2017 онд олон нийтэд ил болж, судалгааны эргэлтэд орж эхэлсэн юм. Энэхүү үнэ цэнэтэй боломжоос үүдэн бид Ослогийн их сургуулийн судлаач Мариа Картвейттай 2023 онд холбогдон, үзэсгэлэн гаргах санал тавьснаар өнөөдөр ийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын тухай түүхийг сонсож өссөн Оскар Мамены ач нар Монголд анх удаа зочлон ирж байгаа нь онцлууштай үйл явдал болж байна.

Уран бүтээлч Нацагдоржийн Отгонбат нь олон төрлийн медиа ашиглан, уран бүтээлээ туурвиж ирсэн ба “Хэлхээ”, “Тунамал” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүддээ түүхэн гэрэл зургаас иш татсан бүтээлүүдээ толилуулж байсан. Харин энэ удаа албан ёсоор Оскар Мамены бодит зургуудтай хоршсон шинэ бүтээлээ туурвиж байна. Үзэсгэлэнд түүхэн зургуудын тухай бидний хэвшмэл ойлголтыг өөрчлөх холимог техникийн зураг, өрөг, гэрэл зургуудыг дэлгэн толилуулах болно. “Увдист өргөө” үзэсгэлэнгийн куратороор Норвег улсад 10 жил сурч, амьдарсан урлаг судлаач, докторант Алгаагийн Болормаа ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэнгээр Өргөө хотын амьдрал хийгээд Оскар Мамены аялал хэрхэн зүрх сэтгэлийг нь булаасан хүмүүстэй учруулсан тухай, нөхөрлөлийн тухай, сэргэн мандалтын тухай, мөрөөдлийн тухай, ерөөлийн тухай онцлон харуулахыг зорьсон болно.

Үзэгч таныг “Увдист өргөө”-нд саатахыг урьж байна.

Холимог техникийн өрөг бүтээлийн сонирхолтой үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 2024 оны 9-р сарын 17-24-ний өдрүүдэд дэлгэгдэнэ.

Нээлт: 2024.09.17, 18:00 цагаас

Хаяг: Монголын уран зургийн галерей, 3 давхарт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuuhiin uneni(86.111.137.17) 2024 оны 09 сарын 18

Wooow ,sauhan hunii mongoliin min terteeh 100 jolin ummuhiig hadgalan abch uldeesen tuuhiin gaihaltai zuilsiig hol bgaa uchir uzelj chadahgui ni haramsaltai uur zarim zuragnaas ni bnuuu???

1  |  0
хэн байсанаа мэдэрч (124.158.107.231) 2024 оны 09 сарын 18

хэн байсанаа мэдэрч, хэний хүчинд өнөө яваагаа харах цаг юм байна сайхан үзсэглэн болох байхаа

3  |  0
Top