Швейцарь улсын Цюрих хотод мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн болон ганцаарчилсан гараан болон өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-29-нд болно.
Энэ тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох бол Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлага дор нийт 11 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тэмцээний элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, мэргэжлийн дугуйн Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц, залуучуудын Дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал нар уралдах бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар хурд сорино.
Тэгвэл эмэгтэйчүүдээс Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Б.Энхмаа өрсөлдөх бол хөвгүүдийн ангилалд хэдхэн хоногийн өмнө дугуйт цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U19 ангилалын эрэгтэйчүүдийн спринт 200 мeтрийн ангилалд түрүүлж, алтан медаль хүртсэн А.Хүслэн, Э.Хишигсайхан нар уралдах гэж байна.
Онцолбол, Монголын эмэгтэй дугуйчид тус тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөх гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )