"Зүрхэн тэнгэрийн наран" тоглолтод OUTLAW хамтлаг шилдэг 35 дуугаа дуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17

 

Outlaw хамтлаг 20 жилийн ойдоо зориулан “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтоо энэ сарын 20-ний өдөр Hit Park-д зохион байгуулах гэж байгаа билээ. 

Дахин давтагдашгүй гайхалтай, гэнэтийн бэлгээр дүүрэн байх энэхүү тоглолтод Outlaw хамтлаг өөрсдийн 150 гаруй бүтээлээс сонгон, шилдэг 35 дуугаа дуулах бөгөөд үүнээс 10 орчим дуугаа амьд хөгжмийн хамтлагтайгаар дуулна гэдгээ онцолжээ. 

Энэхүү тоглолт нь 62м метр урт тайз, 2100 ширхэг лед дэлгэц, “All in hit-1” тоглолтод ашигласан хөгжим болон нэмэлт сет авч ашиглаж буйгаараа давуу талтай. Түүнчлэн 2100 лед дэлгэцэн дээр гарах дүрс нь 4к-аар цацагдана гэдгийг зохион байгуулагчид дурдлаа. 

20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод урлагийн ертөнцөд тод өнгө нь болж, энэ цаг үеийг уран бүтээлээрээ байлдан дагуулж буй 20 артист хүрэлцэн ирж, ая дуугаа өргөн, гайхалтай үдшийг хамтдаа бүтээх юм.

Мөн Outlaw хамтлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд “20Х20” аяныг зохион байгуулаад байна. Энэхүү аян нь хүүхэд баячуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.

Тодруулбал, сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, хүүхэд багачуудыг гарцаар гаргахдаа хөтлөөд гаргадаг байх, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байгаа юм.

Уг аяны хүрээнд Respect ticket-ийн борлуулалтын тодорхой хувийг нийслэлд осол аваар хамгийн их гарч буй 20 эмзэг цэг болох уулзваруудад гарцны тэмдэг тэмдэглэгээ хийх, анхааруулах самбар байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, хүүхдийг осолд өртсөний дараа бус урьдчилан сэргийлж, зам тээврийн ослоос хамгаалах ажилд бодит хувь нэмрээ оруулахад зориулна.

Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусахаас сэргийлэх нь хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. 

 

ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ВИДЕОГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top