Монгол орныг тэтгэж байгаа нийт 193 мянган км урт гол горхи, булаг шандыг төлөөлсөн бяцхан цэнхэр тууз монгол хөлбөмбөгчний энгэрт, зүрхэн тушаа газарт хүндэтгэлтэйгээр залрахын учир юу вэ?
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид дээд лигийн тоглолтуудын үеэр энгэртээ цэнхэр тууз зүүсэн байгааг та магадгүй анзаарсан биз ээ. Дэлхийд хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөг, хөлбөмбөгийн тамирчдаар дамжуулан усны нөөцийг хайрлан хамгаалахыг уриалах, энэ талаарх бодитой шийдлүүдийг гаргуулах гол зорилготой юм. Чухам яагаад эмэгтэй тамирчдаас эхлэв гэвэл, өрх гэрт усны хэрэглээг шийдвэрлэхэд голлох байр суурьтай нь эзэгтэй нар байдаг учраас тэр...
Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ноос цаашид зөвхөн эмэгтэй тамирчдаар хязгаарлахгүйгээр нийт лигийн тамирчнаар дамжуулан цэвэр усыг хайрлах, хадгалах, дахин ашиглахыг уриалах кампанит ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлыг санаачлагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар бөгөөд 2005 оноос эхлүүлсэн “Цэнхэр тууз” аянд МХБХ-г нэгтгэснээ өнөөдөр санамж бичиг байгуулснаар баталгаажууллаа.
З.БАТБАЯР: ДЭЛХИЙН УСЫГ ХАМГААЛАХ УРИАЛГА МОНГОЛ ХӨЛБӨМБӨГЧДӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
Усны газрын дарга З.Батбаяр энэ талаар, “Хүн эрүүл явахад чухал зүйлсээс өнөөдөр ус, хөдөлгөөн хоёрыг онцолмоор байна.
Хүний нийгмийн оршин тогтнохын үндэс болсон энэ хоёр зүйлийг холбохын тулд бид өнөөдөр МХБХ-той хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ санамж бичгийн хүрээнд бидний хийх ажил бол хөдөлгөөн, ус хоёрын ач холбогдлыг хүүхэд багачууд, олон нийтэд танилцуулах зорилготой.
Ийнхүү МХБХ-той хамтран ажиллах замаар цаашлаад хөрш улсууд, ази тив, дэлхийн хүн төрөлхтөнд усны ач холбогдлыг ойлгуулах боломж бий. Цэнхэр туузын хүрээнд Усны газартай хамтран ажиллаж байгаа төрийн болон ТББ-ууд, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мөн усыг хамгаалахын ач холбогдлыг сануулах эрхэм үүргийг энэ өдрөөс МХБХ албан ёсоор хүлээж байна.
Санамж бичгийн хүрээнд олон улсын хурал зөвлөгөөн, хөлбөмбөгийн олон улсын тэмцээн уралдаануудад манай улсын төлөөлөгч, тамирчид цэнхэр тууз зүүж оролцох болно. Хамгийн эхэнд бид бүс нутагтаа буюу Азийн Хөлбөмбөгийн холбоонд хандаж ажиллана. Цаашлаад Дэлхийн Хөлбөмбөгийн холбоотой хамтрах зорилготой.
Өнгөрсөн жилээс тамирчдыг Монгол Улсын усны ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ-өөр сонгож, усны ач холбогдлыг сурталчлуулах ажлыг Усны газраас санаачилжээ. 2024 оны “Элч төлөөлөгч”-өөр Монгол Улсын харцага Н.Золбоо ажиллаж байгаа бол 2025 онд МХБХ-ны мэргэжилтнүүд, тамирчид, дасгалжуулагч нар энэхүү залгамж халааг үргэлжлүүлэх болно.
Бидний байгуулсан санамж бичиг Монгол Улсын нэрийг, тамирчдаа, гол усныхаа нэрийг дэлхий дахинд гаргах асар том зорилготойгоор эхэлж байгаа ажил. Бидний тавьсан санаачлагыг хүлээж авч хамтын ажиллагаагаа эхлүүлж буй МХБХ-ны удирдлага, хамт олон, нийт тамирчин, дасгалжуулагч, шүүгч нар, хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа.
Ус үйлдвэрлэгч компаниуд болон ус хэрэглэгч нар цаашид бидэнтэй хамтдаа усаа хайрлан хамгаалах ажилд идэвхийлэн оролцохын сацуу хөлбөмбөгийн спортыг хөхиүлэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ энэ нь Монгол Улсдаа үзүүлж буй дэмжлэг болох юм” гэлээ.
Т.ДАГВАДОРЖ: АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛД УС ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛНА
МХБХ Дэлхийн хөлбөмбөгийн холбооны гишүүн байгууллагынхаа хувьд, мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн өгөөж болж буй аль нэгэн салбартай хамтран ажиллах, дэмжих үүргийг хүлээдэг.
Энэ хүрээндээ бид Усны газрын бодлого шийдвэрийг дэмжиж ажиллахаар боллоо. Монголын шигшээ багийн тамирчдын тоглолтын хувцас цэнхэр өнгө, усан хээтэй байдаг нь бэлгэдлийн хувьд цэнхэр тэнгэрийн орон, амьдралыг тэтгэгч усыг төлөөлүүлсэн утгатай.
МХБХ эмэгтэй хөлбөмбөгийнхөө хөгжлийн концепцыг шинэ шатанд гаргах, өсвөрийн эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх том бодлого зорилтыг богино, дунд, урт хугацаандаа төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийнхөө хүрээнд төрөөс гаргаж байгаа бодлого хөтөлбөрүүдийг дэмжиж, түүгээрээ дамжуулан хөлбөмбөгийн спортоо илүү хөгжүүлэх дэмжлэг, өгөөжийг хамт авч явах зорилгыг давхар агуулж байна.
Бид Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нийтийн биеийн тамир”, “Эрүүл монгол хүн”, түүн дотроо “Өсвөрийн хөлбөмбөг”, “Мөрөөдлийн гоол” тэмцээнүүдийг дэмжиж ажиллах илгээлтэй.
Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй явдал бол тэрхүү илгээлтийг дэмжиж байгаа бас нэг хэлбэр юм.
Цаашид аяны хүрээнд төлөвлөсөн хэд, хэдэн ажил бий. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүст хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчид усыг хайрлан хамгаалахын ач холбогдлыг сурталчлах, уриалахаас гадна олон улсад ус хамгаалах аян хөдөлгөөнөө нэвтрүүлэхэд манлайлал болж оролцох юм.
Энэ хүрээнд нэн тэргүүнд тавьж байгаа зорилго бол энэ ирэх аравдугаар сард болох Азийн Хөлбөмбөгийн холбооны Их хуралд усаа хамгаалах хөтөлбөрөө танилцуулна. Ингэснээр Азийн Хөлбөмбөгийн Холбооны гишүүн улс орнуудын тамирчид цэнхэр туузыг маань зүүж, тэднийг усыг хамгаалах хөдөлгөөнд хөлбөмбөгийн спортоороо дамжуулан нэгтгэх том зорилго тээж яваа.
Түүнчлэн ус үйлдвэрлэгч болоод усыг хэрэглэгч томоохон аж ахуйн нэгж, төр хувийн хэвшлийн байгууллагуудад усыг хайрлах талаар сурталчилгааны өдөрлөгүүдийг зохион байгуулна. Энэхүү хөдөлгөөнийхөө өгөөжөөс мөн хөлбөмбөгийн спортдоо тодорхой хэмжээнд нийтийн хариуцлагын дэмжлэгийг авна гэж найдаж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )