Узбекистанд болж буй футзалын 10 дахь удаагийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд дуулиан дүүрэн явагдаж байна. Уржигдар дэлхийн хошой аварга Испанийн хөлбөмбөгчид Венесуэлд 1:2-оор хожигдон тэмцээнийг орхисон бол өнөөдөр 2021 оны дэлхийн аварга Португалын шигшээ Казасхтанд мөн л 1:2-оор хожигдон , гэрийн зүг гэлдрэхээс өөр аргагүй болов. Футзалын ДАШТ-д ердөө дөрвөн орны хөлбөмбөгчид ( Бразил, Испани, Аргентин, Португал) аварга цолыг хүртсэн байдаг бөгөөд тэн хагас нь ингээд энэ удаа шөвгийн наймд ч үлдэж чадсангүй.
Мөн Азийн шилдэг багт тооцогддог, ДАШТ-ий хүрэл медальт Ираны хөлбөмбөгчид Мароккод 3:4-өөр хожигдсон. 2016 оны дэлхийн аварга Аргентин өнөөдөр Хорватыг 2:0-ээр хожиж шөвгөрсөн бол ДАШТ-д анх удаагаа оролцож буй Францын " заалныхан" Тайландын шигшээг 5:2-оор хожиж , шилдэг наймд үлдлээ. Шөвгийн найман багийн тоглолт есдүгээр сарын 29-нд эхлэх бөгөөд Бразил -Мароккотой, Украин-Венесуэлтэй тоглох бол маргааш нь Франц-Парагвай, Казахстан-Аргентиний багууд учраа таарчээ.
Ц.Энхтүвшин "Таван цагариг" сонин
"Узбекистан-2024" футзалын ДАШТ-ий мэдээллийн спонсор: Osso Corporation
Сэтгэгдэл ( 0 )