Эдийн засгийн хүчирхийлэлд өртөж буй ахмадууд ХААНА ХАНДАХАА мэддэггүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилттэй шалгах зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Хэвлэлийн хурлын эхэнд Комиссын гишүүн Х.Мөнхзул “Ахмад настан бол нийгмийн тэгш эрхт гишүүн, тэгш эрхтэй. Гэвч насан өндөр болсноороо нийгмээс тусгаарлагдах, орхигдох зэргээр тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, түүний үр шимээс хүртэх боломжоо алдах зэрэг олон асуудал гарч байна.

Бүс нутгийн хэмжээнд 2050 он гэхэд 60-аас дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, 1.3 тэрбум болно.

Монгол Улсад 2023 оны байдлаар 388 мянган ахмад настан амьдарч байгаа бөгөөд нийт хүн амын 10.1 хувийг эзэлж байна.

2010 онд хүн амын дунд 60 ба түүнээс настай ахмад настны эзлэх хувь 5.8 хувь байсан бол 2024 оны байдлаар 11 хувь болж 2 дахин нэмэгдсэн байна. Цаашид 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь ахмад настан болохоор тооцоолол гарсан байна” гэлээ.

Үргэлжлүүлэн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна. Ахмадын холбооны судалгаагаар, нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.2 мянган ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхөд, 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн184 мянган ахмад настан бусдын байнгын асрамжид байна.

Хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох ахмад настнуудын тооны харьцаа 2010 онд 10 ажилтан тутамд 1 ахмад настан байсан бол 2040 он гэхэд 4 ажилтан тутам 1 ахмад настан болохоор байна.

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-аас баталж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Тус хууль нь ахмадын асуудлыг зөвхөн нийгмийн халамжийн хүрээнд хардаг байсан үзэл баримтлалыг өөрчилж, ахмад настны эрхийг баталгаажуулж, ахмад настны эрхийн хэрэгжилт талаар урд өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрсэн түвшнийг сайжруулсан чухал хууль болсон юм.

Гэвч хууль тогтоомжийн хүрээнд ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч буй хэдий ч ахмад настны хүний эрхийн байдлыг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулах дараах асуудлууд байна.

Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, тэтгэврийг тооцохдоо итгэлцүүр ашиглаж байхаар болсон хэдий ч ахмадын тэтгэвэр бага, амьжиргаандаа хүрэлцдэггүй, тэтгэвэр зөрүүтэй гэх гомдол Комисст их ирж байна. Ялангуяа Итгэлцүүр шинэчлэн тогтоох Засгийн газрын 2024 оны 10 дугаар тогтоолоор ялгаварлан гадуурхалтыг үүсгэж байна гэх гомдлууд тасрахгүй байна.  

  • Ахмад настны нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.
  • Амьжиргаанд хүрэлцээгүй тэтгэвэр, тэтгэмж, түүнээс хараат орлоготой амьдарч байгаагаас ахмад настнууд эрүүл мэндийн үнэтэй, чанартай хагалгаанд орох, үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна.
  • Хэдийгээр төрөөс ахмад наснуудын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжиж буй хэдий ч бодит байдал дээр тэднийг ажиллуулах, тэдний онцлогт тохирсон ажлын байр хомс байна.
  • Мөн ахмад настныг үеэ өнгөрөөсөн, хуучны хоцрогдсон, хөгшин зэрэг нийгмийн хандлагаас үүдэн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлагдах явдал цөөнгүй байна.
  • Гэр бүлийн хүрээнд үл хайхрагдах, хүчирхийлэл дарамтад өртөх явдал цөөнгүй байна. 2020 оноос 2024 оны хооронд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан нийт 13,795 үйлчлүүлэгчээс 993 нь ахмад настан байна.

2020-2024 оны байдлаар ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл хавсарсан байдлаар:

Сэтгэл санааны хүчирхийлэл-71 хувь, бие махбодын хүчирхийлэл-22 хувь, эдийн засгийн хүчирхийлэл- 37 хувь, үл хайхрагдах байдал -21 хувь бэлгийн хүчирхийлэл-0.1 хувийг эзэлж байна.

Ялангуяа эдийн засгийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх явдал их байна.   Гэвч хаана хандахаа мэддэггүй, гэр бүлийнхээ нэр төрийг боддог, дарамт шахалтаас айх зэргээр холбогдох байгууллагад мэдээлдэггүй байна” гэлээ.

Уг мэдээллийн араас Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалтыг танилцууллаа.

Тэрээр “УИХ-аас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ.

Хуулийн өөрчлөлтийн хүрээнд дараах заалтуудыг шинээр тусгаж, зарим заалтыг өөрчилсөн. Үүнд:

1. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тухайлбал:

  • Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулах.
  • Асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн асрамжийн газар байгуулахад болон үйл ажиллагаагаа явуулахад төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг тодорхой зааж нэмэгдүүлсэн.

2. ЭМЯ-наас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас сонгон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болсон.

3. Ахмад настанд хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг одоо 5 жил тутам олгож байгааг 3 жил тутам болгон давтамжийг багасгасан.

4. Ахмад настанд олгох түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг одоогийн хуульд тэжээн тэтгэх хүүхэдгүй ганц бие ахмад настанд олгоно гэж заасныг хуулийн төсөлд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд олгохоор заасан.

5. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан” гэв.

Үргэлжлүүлэн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр улсын хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 8 ахмадын асрамжийн газар байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь, Увс, Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Мөн олон улсын байгууллагын санхүүжилттэй МС Тереза ахмад настны асрамжийн төвд хяналт шалгалт хийсэн. Энэхүү хяналт шалгалтын дүнг үндэслэн Баян-Өлгий, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Асрамжийн газруудад дараах нийтлэг зөрчил байна. Үүнд:

  1. Асрамжийн газрын байр ахмад настанд ээлтэй байдлаар төлөвлөгдөөгүй, хүртээмжгүй байна. Иймд байрыг шинээр барих, засварлах шаардлагатай байна. Ингэхдээ тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй ахмадын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх.
  2. Ахмад настны бичиг баримтын бүрдэл, хувийн хэргийг бүрэн гүйцэт хөтлөх.
  3. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эмийн хангалтыг сайжруулах.Зохих эмийн нөөцийг бүрдүүлэх.
  4. Сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ сэтгэл зүйчийн орон тоог бий болгох, сэтгэл заслын үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэх.
  5. Хоол хүнсний чанар хүртээмжийг сайжруулах. Ахмад настанд тохирсон хоол хүнсээр хангах.
  6. Ахмадын асрамжийн газрын Камерын хяналтын журмыг баталж мөрдүүлж, хүний хувийн мэдээллийг хамгаалах.
  7. Ахмад настанд эдийн засгийн эрх чөлөө олгох. Тэтгэвэр, тэтгэмжийн 70 хувийг өөрийн мэдлээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч захиран зарцуулж буй тохиолдолд байгууллагын дотоод хяналтыг тогтмол ажиллуулах.
  8. Асрамжийн газрын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулах шаардлагатай.

Тиймээс Дорноговь, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн Асрамжийн газрын газрын эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй танилцуулах болно” гэв.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top