Д.Дэлгэрсайхан: Нэг сонгогч нэг хэсэгт байна гэдгийг шалган тогтоож, баталгаажуулсан

2024 оны 10 сарын 10

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбарыг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулж, иргэдийг танилцах боломжоор хангасан. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг 9 дүгээр сарын 13-аас сонгуулийн хэсгийн хороодод хүргүүлсэн.Сонгогчийн ирц бүртгэлийн программ хангамж бүхий техник, тоног төхөөрөмжийг аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, дүүргүүдэд тагнуулын байгууллагын хяналт доор хүлээлгэн өгсөн.

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоо 2.246.164, үүнээс үндсэн сонгогч 2.101.897 байна. Сонгогчдын 1.002.278 нь нийслэлд, 1.099.619 нь орон нутагт байна.

Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа буюу 7 дугаар сарын 5-ны өдөр улс төрийн намуудаас сонгуулийн санал авах өдрийн өмнө лацдаж хадгалсан баазыг мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн баазтай тулгаж, сонгогчийн бүртгэл давхацсан эсэхийг нягтлан шалгасан. Мэдээллийн нэгдсэн санд ямар нэг зөрчил дутагдал байхгүй, нэг сонгогч нэг хэсэгт байна гэдгийг шалган тогтоож баталгаажуулсан” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top