Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.10.11) болж байна.
Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авч байна.
Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж суурилуулсан бол интернэтийн сүлжээгүй хэсгийн хороодод старлинк төхөөрөмж байршуулжээ.
Сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний 07:00-20:00 цагийн хооронд орон даяар үргэлжилнэ. Хэрэв танд хаана очиж санал өгөх тухай мэдээлэл дутмаг байгаа бол ЭНД дарж, санал авах байрны хаяг, байршлыг мэдэх боломжтой.
Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байна. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгоно.
Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр өнөөдөр 09:30 цагийн байдлаар Сүхбаатар аймагт хамгийн ирц хамгийн өндөр бүртгэгджээ. Тус аймагт 5,534 иргэн санал өгч, 13.6 хувьд хүрсэн. Тэдний араас Говьсүмбэр 11.4 хувь, Дорнод аймагт 11.1%-тай байна.
Харин нийслэлд Багахангай дүүрэгт нийт сонгогчдын 11 хувь нь одоогоор саналаа өгсөн бол Багануурт 9.3 хувь, Налайхад 8.1 хувьтай явна.
Өчигдөр буюу аравдугаар сарын 10-нд 21 аймаг, есөн дүүргийн 2,230 хэсэг дээр 19,468 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 18,617 иргэн саналаа өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )