Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Г.Бат-Орхоныг сонголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23


Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.23) болж байна. 

2024-2028 оны бүрэн эрхийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 41 төлөөлөгчтэй, 100 хувийн ирцтэйгээр аймгийн АЗДТГ-ын хурлын их танхимд үргэлжилж байна. Энэ удаагийн аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс 11 төлөөлөгч нь өмнө нь аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байсан бол 30 төлөөлөгч шинээр сонгогдсон байна.

ИТХ-ын анхдугаар хуралдаанаас аймгийн ИТХ-ын даргад МАН-аас Г.Бат-Орхон, АН-аас Б.Мөнхболд нарыг нэр дэвшүүлж, 41 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос Г.Бат-Орхон 21, Б.Мөнхболд 19 санал авч, нэг санал хүчингүйд тооцогджээ. 

Ийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Ганчулууны Бат-Орхоныг сонголоо.

 

Дөнгөж сая Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох нэр дэвшүүлэлт боллоо. МАН-ын бүлгээс Арвины Дашбатыг нэр дэвшүүлсэн бол аймгийн Ардчилсан намын бүлгээс хэн нэгнийг нэр дэвшүүлсэнгүй. Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Лхагвадорж заалнаас өөрийн нэрийг дэвшүүлснээр МАН-ын бүлгийн хоёр төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.

Үргэлжлүүлэн санал хураалт болох байсан ч МАН-ын бүлгээс 2 цагийн завсарлага авах хүсэлт гаргаснаар хуралдаан түр завсарлалаа.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэлж, одоог хүртэл намын бүлгүүд нийт гурван удаагийн завсарлага авчээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top