Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр (2024.10.23) хуралдаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, анхдугаар хуралдааны дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулж, тооллогын комиссын дүнгээр Н.Лхагвадорж 21 санал, А.Дашбат 19, хүчингүй 1 санал тоологдлоо.
Төлөөлөгчдийн олонхын санал авсан Нацагдоржийн Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох нэр дэвшүүлэлтэд МАН-ын бүлгээс Арвины Дашбатыг нэр дэвшүүлсэн бол аймгийн Ардчилсан намын бүлгээс хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй. Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Н.Лхагвадорж заалнаас өөрийн нэрийг дэвшүүлснээр МАН-ын бүлгийн хоёр төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Засаг даргын төлөө өрсөлдсөн юм.
Сэлэнгэ аймгийн тухайд 2024-2028 оны бүрэн эрхийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 41 төлөөлөгчтэй, 100 хувийн ирцтэйгээр хуралджээ. Энэ удаагийн аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөөс 11 төлөөлөгч нь өмнө нь аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байсан бол 30 төлөөлөгч шинээр сонгогдсон байна.
ИТХ-ын анхдугаар хуралдаанаас аймгийн ИТХ-ын даргад МАН-аас Г.Бат-Орхон, АН-аас Б.Мөнхболд нарыг нэр дэвшүүлж, 41 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос Г.Бат-Орхон 21, Б.Мөнхболд 19 санал авч, нэг санал хүчингүйд тооцогдож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Ганчулууны Бат-Орхоныг сонгосон юм.
Сэтгэгдэл ( 0 )