Соёлын өвийг хамгаалах сургалт болж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв нь ЮНЕСКО-ийн Зүүн Хойд Азийн төлөөлөгчийн газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлд өртөж буй соёлын өвийг судлах, хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” сургалтыг 2024 оны аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд "Хустайн байгалийн цогцолбор газар"-т зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, эрсдэлийг тооцоолох, дасан зохицох механизм, чадавхыг бэхжүүлэх, хариу арга хэмжээ авах бодлого стратегийг төлөвлөхөд салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулахад оршиж байгаа бөгөөд сургагч багшаар ЮНЕСКО-ийн соёлын болон байгалийн өвийн шинжээч, зохицуулагч нар ажиллаж байна.
 

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн, Соёл урлагийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences, ДӨ-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа, ДӨ-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид, 21 аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцож байна.

Энэхүү сургалт нь Монгол Улсын эрс тэс уур амьсгалын нөхцөлд хөдөө хээр, ил задгай оршин байдаг түүх, соёлын дурсгал, байгаль, цаг уураас шууд хамааралтай нүүдлийн соёл, уламжлалт ахуй зэрэг соёлын биет болон биет бус өвд уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй гамшигт үзэгдэл хэрхэн нөлөөлж байгааг судлах, эмзэг байдал, эрсдэлийг тодруулах, хариу арга хэмжээ авах, төлөвлөх аргазүйг олгож буйгаараа онцлог юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top