АНУ-ын Нью-Иорк хотод өнгөрсөн сард болсон Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээн болох 5000 км-ын замыг 52 хоногт туулах уралдаанд Монгол Улсыг төлөөлөн Б.Буджаргал оролцож, 48 хоногт замаа амжилттай дуусгасан юм. Тэрбээр сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-д амьдарсан ба энэ хугацаанд ультра марафон буюу холын зайн марафоны Олон улсын гүйлтийн 20 орчим тэмцээнд оролцож, 15 тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар өнөөдөр эх орондоо ирж байна.
Монгол хүний тэсвэр, тэвчээрийг дэлхийд гайхуулж, хэт холын зайн гүйлтийн тэмцээнд өндөр амжилт гаргаж байгаа тамирчдын нэг нь Бямбаагийн Буджаргал юм. Тэрээр хамгийн сүүлд АНУ-ын Нью-Иорк хотод болсон 5000 км зам туулах холын зайн гүйлтийн тэмцээнд оролцжээ.
Холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал Америкт амьдарч, тэмцээнд оролцох хугацаандаа нийт 16.000 километр замыг туулсан байна. Үүн дээр бэлтгэл, сургуулилтын үеийн гүйлтийг нь нэмж тооцвол 2010 оноос хойш 40.000 км замыг гүйж туйлсан байна.
Хөнгөн атлетикын спортоор 27, хэт холын зайн марафон гүйлтээр 14 дэх жилдээ хичээллэж байгаа Б.Буджаргал 5 жилийн өмнө өөрийн тэсвэр, хатуужил, бэлтгэл сургуулилт, холын зайн гүйлтийн амжилтаа ахиулахаар АНУ-ыг зорьсон юм. Тэрээр энэ хугацаанд 20 орчим олон улсын тэмцээнд оролцсон ба нийт 15 тэмцээнд нь түрүүлжээ. Холын зайн гүйлтийн уламжлалт төрөл болох “10 өдрийн марафон” нь түүний үндсэн буюу хамгийн олон удаа амжилт үзүүлсэн төрөл юм. Тодруулбал, Б.Буджаргал холын зайн гүйлтийн уламжлалт 6 болон 10 өдрийн марафоны Ази тивийн рекордыг эзэмшдэг, шилдэг гүйгч юм.
Холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал эх орондоо цөөн хоног амраад, 2025 оны нэгдүгээр сард БНХАУ-д болох холын зайн гүйлтийн уламжлалт “6 өдрийн марафон” гүйлтийн тэмцээнийг зорих юм байна. Мөн Франц, Итали, Унгар улсад болох тэмцээнд оролцож, өөрийн тогтоосон рекортыг шинэчлэхийг зорьж байгаа гэлээ.
Тэрээр арваннэгдүгээр 09-ний өдрийн 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Олон нийтийн гүйлт зарлаад байгаа тул хөнгөн атлетик, гүйлтийн сонирхогчдыг зорин ирж, хамт гүйхийг урьсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ залууд гавъяат өгөөчээ