Б.Алтанчимэг мөрөөдөлдөө хүрч, Дэлхийн медальтан боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Дэлхийн аваргад оролцох зардлаа цуглуулахын тулд зуны амралтаараа үйлдвэрт ажиллаж байсан Б.Алтанчимэг мөрөөдлөө биелүүлсээр байна. 

Түүний хувьд өнгөрсөн долоодугаар сард Камбожийн нийслэл Пномпень хотноо болсон Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний -60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол энэ удаа холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийн болзлыг хангаад байна. 

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд “One Team” клуб, “Их засаг” их сургуулийн тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт (2024 он) Б.Алтанчимэг Узбекистан улсын тамирчин Покиза Баксриеваг ялж, хүрэл медалийн болзол хангаад байна.

Манай тамирчин өнөөдөр мөнгөн медалийн төлөөх хагас шигшээ шатны тулаанаа Словак улсын тамирчин, 2024 оны Европын залуучуудын аварга Эва Эрделиоватай хийх болно.

Б.Алтанчимэг энэ амжилтаараа холимог тулааны Дэлхийн аваргаас медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байгаа юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top