Намайг ойлгож, дэмждэг хүн бүхэнд баярлалаа - ТАЛАРХЛЫН ГҮЙЛТ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

Хөнгөн атлетикын спортоор 27, хэт холын зайн марафон гүйлтээр 14 дэх жилдээ хичээллэж байгаа тамирчин Б.Буджаргал эх орондоо ирснээ тохиолдуулан маргааш буюу арваннэгдүгээр 09-ний өдрийн 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Олон нийтэд зориулсан "Талархлын гүйлт" зарлаад байна. Маргааш болох гүйлтийн үеэр тэрбээр Монголдоо эхлүүлэх гүйлтийн төлөвлөгөөгөө танилцуулах аж. 

АНУ-ын Нью-Иорк хотод өнгөрсөн сард болсон Дэлхийн хамгийн холын зайн гүйлтийн тэмцээн болох 5000 км-ын замыг 52 хоногт туулах уралдаанд Монгол Улсаа төлөөлөн уралдан Б.Буджаргал 48 хоногт замаа амжилттай дуусгаж, монгол хүний тэсвэр, тэвчээрийг холын зайн гүйлтийн төрөлд харуулж, нотолсон юм. 

Тэрбээр сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-д амьдрах хугацаандаа ультра марафон буюу холын зайн марафон, олон өдрийн гүйлтийн Олон улсын 20 орчим тэмцээнд оролцож, 15-д нь түрүүлжээ.

Б.Буджаргал нь сүүлийн 10 жилийн хугацаанд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцохдоо 22,262 км зам туулсан буюу марафон гүйлтийн зайд (42 км)  527 удаа гүйх хэмжээний амжилт үзүүлээд байна. 

Бэлтгэл, сургуулилтын үеийн гүйлтийг нь нэмж тооцвол тэрбээр холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн 2010 оноос хойшхи 15 жилийн хугацаанд 40 мянга орчим км замыг гүйж туйлсан тамирчин юм. 

Холын зайн гүйлтийн уламжлалт төрөл болох “10 өдрийн марафон” нь түүний үндсэн буюу хамгийн олон удаа өндөр амжилт үзүүлсэн төрөл. 

Холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал эх орондоо он дуустал байх ба 2025 оны нэгдүгээр сард БНХАУ-д болох холын зайн гүйлтийн уламжлалт “Зургаан өдрийн марафон” гүйлтийн тэмцээнийг зорих юм байна. Мөн Франц, Итали, Унгар улсад болох тэмцээнд оролцож, өөрийн тогтоосон рекортыг шинэчлэхийг зорьж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top