Б.Буджаргал: Энэ дэлхий ертөнц миний эх орон. Гүйснээрээ миний ухамсарт орсон өөрчлөлт гэвэл энэ

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Дэлхийн хамгийн холын зайн гүйлт АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг. Энэхүү тэмцээн өнгөрсөн сард болжээ. 5000 км замыг 48 хоногт туулсан Монгол Улсын тамирчин Бямбаагийн Буджаргалыг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д амьдарч олон улсын 30 тэмцээнд оролцож, 20 тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар эх орондоо эргэн ирсэн юм. Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулж байгаа тамирчдын нэг нь Б.Буджаргал хөнгөн атлетикын спортоор 27, хэт холын зайн марафон гүйлтээр 14 дэх жилдээ хичээллэж байна.


-Хүмүүс марафон гүйлтийг их сайн мэддэг. Харин та их олон өдөр гүйдэг юм байна. Ер нь ингэж гүйдэг хүмүүс ч ховор байх. Та өөрийнхөө хичээллэдэг спортын тухай манай уншигчдад товчхон танилцуулаач. Мөн өөрийнхөө гаргасан амжилтаас дурдаач? 

-Би олон өдрийн гүйлтээр хичээллэдэг. Олон өдрийн гүйлт гэдэг нь ихэвчлэн зургаа болон 10 өдөр гүйдэг юм. Би хамгийн анх 2014 онд Нью-Йорк хотод очиж гүйж байсан. Өөрийгөө ялж цом медаль аваад зогсож байсан тэр үеэс хойш тасралтгүй 10 жил гүйжээ. Энэ хугацаанд 30 тэмцээнд оролцож 20 удаа аварга болсон байна. Хамгийн дээд амжилт гэвэл зургаа хоногт 904 км гүйж байлаа. Нэг өдөрт 150 км, зургаа хоногт 904 км гүйсэн амжилт үзүүлсэн. 10 өдрийн гүйлтэд бол 10 өдөрт 1315 км гүйсэн. Энэ амжилтаа 2024 оны дөрөвдүгээр сард Нью-Йорк хотноо үзүүлсэн. Энэ бол Улаанбаатар хотоос Ховд аймаг орох зай л даа. Хүмүүс марафон гүйлтийг их сайн мэддэг. 42 км гүйдэг, олимпын нэг төрөл гээд их сайн мэднэ. Үүгээр жишиж тооцоолбол, өдөр болгон гурван марафонд гүйж байна гэсэн үг. 10 хоногт 31 марафон гүйсэн байна. Энэ маань миний хамгийн өндөр амжилт. Мөн саяхан, Монголдоо ирэхийн өмнө буюу энэ оны аравдугаар сард Нью-Йорк хотод 5000 км гүйлээ. Энэ бол Улаанбаатараас гараад Монголынхоо бүх аймгаар тойроод ирэх хэмжээний зай юм. Монгол хүн анх удаа ийм замыг туулж, 5000 км гүйж байна даа. Дэлхийн хамгийн холын зайн гүйлт. АНУ-ын Нью-Йорк хотод болдог. Энэ тэмцээнд анх удаа оролцож, 5000 км-ийг 48 хоногт гүйж дуусгалаа. Ингээд эх орондоо энэ сарын 7-нд ирлээ. Сүүлийн таван жил би эх орондоо байгаагүй. Хятадад байлаа. БНХАУ-д 2019 онд зургаан өдрийн гүйлтэд I байр эзэлж байсан. Энэ үед 834 км гүйж, Ази тивийн рекордыг тогтоосон. Энэ рекордоо би 2022 онд АНУ-д шинэчилсэн. Одоогоор би Ази тивийн хоёр рекорд эзэмшиж байна. Зургаа болон 10 өдрийн гүйлтийн рекордыг эзэмшдэг. Сүүлийн дөрвөн жил АНУ-д тэмцээнд оролцоод, тэндээ бас амьдарлаа. Флорида мужид хоёр удаа тэмцээнд оролцож, хоёуланд нь аварга болсон. Аризона мужид гурван удаа тэмцээнд оролцож, гурвууланд нь аварга болсон. Нью-Йоркт таван удаа аварга болж, Нью Жерси мужид хоёр удаа аварга боллоо. Эх орноосоо гараад буцаж ирэхдээ сайхан амжилтаар дүүрэн, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 15 тэмцээнд аварга болчихоод ирж байна. Нийт 20 тэмцээнд аварга болсон.

-Таныг Өмнөговь аймаг руу гүйх гэж байгаа гэж сонссон?

-Би Өмнөговь аймагт төрж өссөн хүн. Ээж маань Өмнөговь аймагтаа амьдардаг. Ээждээ гүйгээд очно доо. Анх найзууд маань “Аймаг руугаа гүйгээд очооч” гэдэг санал гаргасан. Бодож үзээд аймаг руугаа гүйхээр шийдсэн. Энэ нь нэг талаар надад бэлтгэл болж байгаа. Энэ оны сүүлчээр би БНХАУ-д зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно. Дараа нь Франц руу тэмцээнд явах юм. Бэлтгэлээ хангангаа ээждээ очъё.

-Өмнөговь аймаг руу хэд хоног гүйхээр төлөвлөж байна вэ. Өмнө нь ингэж гүйсэн хүн байгаа болов уу?

-Өмнөговь аймаг руу гүйж байсан хүн байдаггүй л дээ. Энэ сарын 17-ны өдрөөс гүйж эхэлнэ. Өмнөговь аймагт 27 хавьцаа очно байх. Ерөнхийдөө ингэж төлөвлөж байгаа. Үүнээс богино хугацаанд ч гүйж магадгүй. Уг нь би ийм хэмжээний зайд 5-6 хоног гүйх чадвартай. Гэхдээ шөнө гэрэлтүүлэггүй замд хэцүү байх болов уу. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байна. Би нийт 30 тэмцээнд оролцож 20 удаа аварга болохдоо Хятад, Тайланд, Америк зэрэг өөр өөр улсад гүйж байсан. Цаг агаарын хувьд ихэвчлэн зун буюу дулааны улиралд гүйдэг. Монголын хавар шиг, намар шиг сэрүүхэн байх өдрүүд бий л дээ. Гэхдээ дулаахан. Шөнөдөө хасах градус руу орох үе байх ч цас мөсгүй. Өөр нэг онцлог нь тэмцээнүүдэд дандаа тойрог замаар гүйдэг. Шулуун замаар нэг ч удаа гүйж байгаагүй. Харин одоо Өмнөговь аймаг руу шулуун замаар гүйх гэж байна.

-Ер нь олон өдрийн гүйлт хэзээнээс спортын төрөл болж хөгжсөн юм бол. Манай улсын хувьд бол шинэ тутам хөгжиж байгаа спорт гэж ойлгогдож байна? 

-Олон өдрийн гүйлт спорт болж хөгжихдөө 100 орчим жилийн өмнө Францад түлхүү хөгжсөн юм билээ. Гэхдээ хүн үүссэн цагаасаа л гүйж эхэлсэн байх. Сонсож байснаас, монголчуудын хувьд Өгөдэй хааны үед хүн өртөө байсан юм билээ. Морин өртөөгөөр бичиг захиа зөөдөг байсан ч морь явах боломжгүй газарт нь явган хүн гүйж өртөөлдөг байсан юм билээ. Энэ нь европт бас дэлгэрч хөгжсөн юм билээ. Заавал бичиг захиа ч биш амаар захих үг, мэдээгээ дамжуулдаг элч байжээ. Зориудаар дасгалжуулж, хурдан гүйгээд сурчихсан хүмүүс энэ албыг залгуулдаг байж. Үүнээс улбаатай ч сүүлийн 50 орчим жилд энэхүү олон өдрийн гүйлтийн спорт эрчимтэй хөгжиж байна. Энэ спортоор хичээллэсэн хүн өөрөө өөрийгөө ялан дийлж, тэсвэр хатуужилтай болдог. Жирийн нэг гүйлт, марафон биш. 1000 км гүйж байна шүү дээ. Мэдээж, хүн эрүүл мэндээ бодоод зөндөө л гүйж байдаг. Хоорондоо уралддаг спортын төрөл ч байна. Гэхдээ энэ гүйлтийн хувьд тэдгээрийн аль нь ч биш. Тэмцээнд аварга болох нь ч сонин биш. Мөнгөн шагнал ч сонин биш. Түүнээс өөр нэг зүйл байдаг. Гүйлт нь өөрөө бясалгал болдог. Яагаад гэвэл, хүн гүйж байх үедээ маш сайн төвлөрдөг. Хүн гүйж эхлэхэд тавигдах шаардлага юу ч байхгүй. Гэхдээ гүйж эхлээд л аяндаа бясалгал явагддаг. Аяндаа л яг одоо цаг дээрээ төвлөрдөг. Илүү дутуу зүйл бодохгүй, бясалгаж чаддаг. Бүр их хол зайд олон хоног гүйгээд ирэхээр хүн гүн бясалгалд ордог юм. Тэр их хол гүйж байх үедээ хүн өөрийгөө хэтийдэн давах буюу бүр онцгой үйл явдал ч тохиодог. Нэг ёсондоо, бясалгалын үед тохиодог тэр сайхан зүйлийг хүн үзье, харъя, мэдэрье гэвэл гүйгээд эхлэх хэрэгтэй. Ямар ч стресс, депрессгүй, амар амгалан, аз жаргалыг хүнд өгөх нь баталгаатай. Түүнээс өмнө илүүдэл жингээсээ сална, хөдөлгөөний дутагдалд орохгүй, цусны даралт ихсэхгүй, биологийн нас залуу байх зэргээр маш олон давуу талтай. Гүйлт хүнд маш их үр өгөөжтэй спорт юм. Ер нь хүн дуртай зүйлээ идэж ууж болно. Хамгийн гол нь гүйх л хэрэгтэй.

-Манай улсад энэ спортоор хичээллэдэг хэчнээн тамирчин байгаа вэ. Байнгын бэлтгэлтэй, тогтмол олон өдрийн гүйлтээр хичээллэж байгаа хүн гэвэл та байна?

-Монголд олон өдрийн гүйлтээр хичээллэдэг хүн цөөхөн. Ганц, хоёр удаа тэмцээнд оролцсон хүмүүс бий. Ойролцоогоор 10 хүн байгаа. Тэд маань хааяа л тэмцээнд оролцож байна. Тогтмол энэ спортоор хичээллээд явахгүй байна.

-Гэхдээ таны хувьд бүх зүйлээ орхиод гүйж эхэлсэн жинхэнэ шалтгаан чинь юу байсан бэ?

-Анх би жингээ хасах гэж л гүйж эхэлсэн. Хүүхэд байхдаа гүйдэг байсан юм. Хожим гүйхээ болиод жин нэмлээ. Харвинтай, нэлээд зузаан болчихсон. Өөхөө соруулах мэс засал хийлгэе гэж хүртэл боддог байлаа. Бүр Япон, Солонгос, Хятадын эмнэлгүүдийг судалж эхлэхээр шийдэж ч байлаа. Гэтэл “Чи гайгүй байна. Харин жаахан гүйчих. Хоолны дэглэм бариад эрүүлээр жингээ хас” гэдэг зөвлөгөө сонсоод 2010 оноос гүйж эхэлсэн. Ингээд илүүдэл жингээ хаслаа, 75 кг-аас 55 кг болсон юм. Зарим хүн “Бие чинь зүгээр үү? Бүр яс арьс болтлоо турчихаж” гэж хүртэл асууж байлаа. Гэхдээ энэ бол юу ч биш. Миний хувьд, энэ дэлхий дээрх хамгийн их аз жаргал, гайхамшгийг мэдэрсэн мөч гэвэл 2015 онд Нью-Йоркт 10 хоногийн гүйлтэд оролцож байх үед тохиосон. Одоо бол миний юугаар ч сольшгүй бурханлиг, тэр сайхан зүйлийг мэдэрсэн үе гэх үү дээ. Бүх зүйл мөнх бус, хоосон чанартай.

Хүүхэд байхдаа би “Дэлхийн аварга болно” гэж мөрөөддөг байлаа. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлж, оргилд нь гарсан уу гэвэл гарсан. Өөрөө өөрийгөө ялан дийлж, аварга болох мөч сайхан. Гэхдээ заавал аварга болохдоо ч бас биш юм байна. Түүнээс илүү сайхан зүйлийг бясалгаж мэдсэн байна.

Би гүйснээрээ бусдад их урам зориг өгдөг юм байна. 5000 км гүйчихлээ гэхэд түүнийг үзэж байгаа хүмүүс “Хүн 5000 км гүйдэг юм байна шүү дээ. Би яагаад тавхан км гүйж болдоггүй юм бэ” гэж бодож эхэлдэг. Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд сайн гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ л хийдэггүй шүү дээ. Харин би гүйснээрээ хүмүүст хөшүүрэг болдог. Үүнийг би яаж мэдсэн бэ гэвэл “Уолл стрийт журнал” сэтгүүл, “Нью-Йорк таймс” сонин зэрэг дэлхийн нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр миний зураг, ярилцлага, сурвалжилга, нийтлэл хэвлэгдэж байсан. Тэр бүхнийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэж сонирхдог юм билээ. Ингээд энд тэндээс урам зориг өгсөн сайхан үгс илгээдэг. Тэр нь ч надад сайхан санагддаг юм. Эргээд би ч дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст итгэл найдвар өгч, урам зориг бэлэглэж байна шүү дээ. Энэ дэлхий ертөнц миний эх орон. Гүйснээрээ миний ухамсарт орсон өөрчлөлт гэвэл энэ.
 


-Таныг байнга гүйгээд явчихаар гэр бүлийнхэн тань яаж хүлээж авах юм бэ?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын том хүү. Анх гүйж эхлэхэд манай гэрийнхэн дэмждэг байлаа. Сүүлдээ “Боль” гэдэг болсон.

-Яагаад?

-Ийш тийшээ тэмцээнд оролцохоор явахад маш их цаг хугацаа зарцуулж, мөнгө үрнэ. Ажил хийхгүй байнга гүйгээд байхаар чинь хэн чиг л тэгэж хэлнэ байх. Ээж минь “Үгүй ээ, чи одоо ажил төрлөө хийгээч. Эхнэр авч, хүүхэдтэй болж, гэр бүлийн амьдрал зохиогооч” гэж хэлдэг болсон. Гэтэл би өмнө нь улс төрд идэвхтэй, бизнес эрхэлдэг, нийгмийн хариуцлагатай, бүхий  л салбарт оролцоо сайтай хүн байлаа. Харин гүйж эхлэнгүүтээ өмнө нь олж цуглуулсан бүхнээ зарж үрсэн. Нөгөө мундаг 9911-тэй дугаар, цоо шинэ байр, машин гээд бүгдийг нь зараад тэмцээндээ зарцуулсан. Үнэтэй ресторанд ордог, үнэтэй хослол өмсдөг ганц бие, босс залуу байлаа. Гэр бүлийнхэн маань эхэндээ дэмжээд дараа нь дургүйцэж эхэлсэн. Ингэж золиос гаргаж, зүтгэсний эцэст дэлхийд өрсөлдөх чадвартай, өндөр нэр төртэй болчихлоо, дуртай ч, дургүй ч гэр бүлийнхэн хүлээн зөвшөөрсөн гэх үү дээ. Тэгээд ч би өөрөө гүйхээс өөр зүйл хийхийг хүсэхгүй байна.

-Хятад, Франц руу тэмцээнд явна гэсэн. Дараа нь бас дахиад гүйх үү. Хаашаа явах вэ?

-Одоо европын тэмцээнүүдэд гүйнэ гэдэг бодолтой байгаа. Итали, Франц, Австри, Финлянд зэрэг олон оронд тэмцээн болдог. Очиж Монголынхоо нэрийг гаргаж, аварга болмоор байна.

-Зардал өндөр гарна байх даа. Яаж зохицуулах гэж байна вэ. Хамаг юмаа зарж үрчихсэн байдаг? 

-Замын зардлаас гадна бэлтгэл сургуулилтын зардал өндөр гардаг. Очоод бүтэн сар зочид буудалд байрлаж, бэлтгэл хийнэ. Өглөө, өдөр, орой гээд өдөрт гурван удаа бэлтгэл хийнэ. Тэмцээний зардлаасаа илүү бэлтгэл хийх зардал өндөр гардаг юм. Олон хоног гүйхийн тулд наана нь очиж, биеэ дасгаж, бэлтгэл хийж байж гүйдэг. Онгоцоор нисэж очоод тэмцээндээ оролцоод ирнэ гэсэн ойлголт бол байдаггүй, байх ч боломжгүй л дээ. Би өмнө нь өөрт байгаагаа тэмцээндээ оролцохын тулд бүгдийг зарж үрээд дуусгасан. Одоо хандив дэмжлэгээр л гүйнэ. Үнэндээ эх орондоо эргээд ирэхэд орох орон ч үгүй л байна шүү дээ. Гэхдээ би үүнд огт харамсахгүй байгаа. Бас өөр ажил хийхгүй. Гүйсээр байгаад энэ амьдралыг дуусгахаар шийдсэн. Бүр гуйлга гуйгаад ч хамаагүй гүйнэ. 

-Энэ дэлхий ертөнц миний эх орон гэдэг бодол ухамсартай тамирчин хүний хоол хүнс нь юу байдаг юм бол оо?   

-Би гүйж байхдаа мах иддэггүй. Ер нь жирийн үедээ ч гэсэн мах иддэггүй. Өмнө нь иддэг байсан. Мах идэхээр бие хүнддээд байдаг. Миний хувьд их сайн хоол гэвэл жимс самар л байна даа. Заавал чанаж болгосон хоол ч иддэггүй. Гадил, алим, жигнэмэг байсан ч надад бол хоол. Гүйж байх үед маш их энерги зарцуулдаг. Тэгсэн мөртлөө тэр энергээрээ эрч хүчээ нөхдөг. Хар ухаанаар бол гүйх тусмаа сайн идэж, энергээ нөхөх ёстой. Харин би гүйх үедээ бага иддэг юм.

-Та бид хоёрын яриа сүнслэг тал руугаа хазайж байх шиг. Гүйлтээр тогтмол хичээллэхээр ийм өндөр мэдрэмжтэй, бурханлиг болдог юм уу?   

-Гүйлт хүнд их өгөөжтэй спорт юм. Хүн гүйж эхэлснээрээ өөрийгөө ялан дийлэхээс гадна гэр бүлийнхээ өмнө, цаашлаад нийгэмдээ урам зориг өгч, эергээр нөлөөлж байгаа. Тэгвэл түүнээс ч илүү гоё зүйлийг та тогтмол гүйснээрээ мэдэрч чадна. Би өөрөө олж авч чадсан учраас үүнийг баталгаатай хэлж байгаа юм. Зөвхөн би ч биш маш оюунлаг, олон сайхан эрдэмтэн мэргэд энэ тухай хэлжээ. Тухайлбал, “Гүйлтийн бясалгал” гэдэг ном хүртэл гаргасан байна шүү дээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top