Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Э.Сансар, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Хүний эрхийн боловсролын хэлтсийн референт Б.Энхбаяр, Дорнод аймаг дахь референт Д.Дугарсүрэн нар тус аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөө стандартын шаардлага хангаж байгаа эсэхтэй 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцаж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа.
Тус цагдаагийн газар нь холбогдох хууль журамд “Гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ” гэж заасны дагуу мэдүүлэг авах өрөөнд урсгал засвар хийж байгаа нь сайшаалтай.
Гэвч насанд хүрсэн иргэнтэй уулзах, уулзалт, мэдүүлгийн өрөөнд мөрдөгч болон оролцогч нараас бүрдсэн 3-аас илүү хүн суух боломж бүрдүүлээгүй.
Гаднын дуу чимээнээс тусгаарлалт, агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй байсны зэрэгцээ дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх төхөөрөмж, хяналтын системээр тоноглохоор бэлтгэл ажил хийж байгаа ч бичлэгийг засварлах, устгах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч хэрэгжүүлээгүй байна.
Хүний эрхийг хангаж, хамгаалах нь төрийн үндсэн үүрэг.
ХЭҮК нь төр энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад байнгын хяналт тавьдаг бөгөөд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоож, арилгахыг Комиссын гишүүний шаарлага, зөвлөмжөөр хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилладаг.
Энэ хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт зөвлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )