Барилгын үйл ажиллагааны зөвшөөрлийг ЧАДАМЖГҮЙ байгууллагад олгохгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 22

Барилгын тусгай зөвшөөрлийг авахын тулд тогтсон авлига өгч байж авдаг гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэвч энэ яриаг тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, эрх мэдэлтний зүгээс ямагт няцаасаар ирсэн. Тэдний няцаадаг цор ганц үндэслэл нь “тусгай зөвшөөрөл олгох процессын цаана хүн ажилладаггүй, систем буюу цахим бүртгэл ажилладаг” гэх тайлбар. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өгч цахимаар авдаг ажээ. 2011 оноос тусгай зөвшөөрлийг төрийн яам агентлаг биш, харин төрийн бус байгууллага өгдөг болсон нь төрийн байгууллагын ачаалал буурах, авилгаас ангид байх зэрэг давуу талуудыг бий болгосон гэж үздэг. Энэ нь үнэний хувьтай ч , монголчууд л болсон хойно, “аргалах”, “танил талаар хөөцөлдөх” аргаар хандсаар ирсэн байхыг үгүйсэхгүй.

Энэ тухай дэлгэрүүлж тодруулбал, яг адилхан нөхцөлтэй компаниуд хүсэлтээ илгээхэд нэг нь аваад нэг нь авдаггүй, эсвэл хүсэлтээ өгөөд 2-3 сар болсон байхад 2-3 цагийн дараа өөр компанид зөвшөөрөл нь гардаг гэхчлэн гомдлуудыг холбогдох газруудад иргэд удаа дараа өгч байжээ. Уг нь тусгай зөвшөөрөл олгоход, инженер техникийн ажилтны тоо, тухайн компанийн чадамж зэрэг нөхцөлүүдийг шаарддаг. Гэтэл инженер техникийн ажилтангүй компани тусгай зөвшөөрөл хөөцөлдөх нь тухайн байгууллагаас өөрөөс нь шалтгаалсан хүндрэл гэж зөвшөөрөл олгодог Монголын барилгын үндэсний Ассоциацийнхан тайлбарлаж байна.

Нөгөө талдаа, өнөөдөр хамгийн ховор болсон мэргэжлийн тоонд орж байгаа инженерүүд заавал зөвхөн нэг компанид харьяалалтай байх шаардлага тавьж байгаа нь буруу, тэгээд ч энэ тухай заасан журам дүрэм байхгүй гэж барилгын компаниуд учирладаг.

Юутай ч энэ бүх асуудлыг нээлттэй, илэн далангуй ярилцаж тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, авилгагүй олгодог байх гарц гаргалгааг олохоор барилгын салбарыхан энэ сарын 28-нд уулзахаар болжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл авах, санал шийдлээ танилцуулах хэн бүхэнд энэ хэлэлцүүлэг нээлттэй юм байна. Хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top