Монголын Оюутны спортын холбооны (МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр (2024.11.21) болж, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд оролцон, МОСХ-ны Ерөнхийлөгч, Олон улсын Оюутны Спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан удирдан явууллаа.
Хурлаар МОСХ-ны 2024 оны ажлын тайлан болон Монголын оюутны спортын “Универсиад 2024” VI наадмын тайланг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ажилтан Д.Чойжилсүрэн нар хэлэлцүүлэв.
МОСХ-ноос 2024 онд явуулсан ажил, үйл ажиллагаа, наадмын талаар М.Өсөхбаяр, Л.Эрдэнэпүрэв, Т.Хэрүүга, Л.Гүндэгмаа, Б.Ганзориг, Л.Цэрэнсодном, Г.Ундрах нарын гишүүд асуулт асууж, саналаа гарган, МОСХ-ны ажлыг сайшаан үзэж, амжилттай явагдсан гэж дүгнэлээ.
МОСХ-ны 2025 оны ажлын төлөвлөгөө, төсвийг МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа хэлэлцүүлэн батлууллаа. Ирэх 2025 онд Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр, гишүүн их, дээд сургуулиуд, УЗ-ийн гишүүдтэйгээ хамтран зохион байгуулж, явуулахаар боллоо.
Түүнчлэн шинэчилэн батлагдсан БТС-ын тухай хуулийн дагуу 2025 оноос НЗДТГ-ын дэргэд оюутны шигшээ багийг спортын 8 төрөлд байгуулах, 2025 онд орон нутгийн оюутны спортын наадмыг Дорнод аймагт явуулах, 2026 оны оюутны үндэсний Универсиад наадмыг Дархан-Уул, Орхон зэрэг аймагт зохион байгуулж болох эсэхийг судлан ажиллах ажлын хэсэг байгуулахаар тогтов.
Ирэх он бол Универсиадын жил. Италийн Турин хотноо 2025 оны нэгдүгээр сарын 13-24-нд Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадам болох ба Монгол Улсаас гүйлтийн цана, уулын цана, снөүборд, уран гулгалт, шорт трейкийн спортын 5 төрлөөр 20 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцох бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар мэдээлэл хийв.
Дэлхийн оюутны спортын зуны Универсиад “Рейн Рур”-ын 2025 наадам нь Герман улсад 7 дугаар сард зохиогдох ба Монголын баг тамирчдыг байт харваа, волейбол /эмэгтэй/, жүдо, усанд сэлэлт, сагсан бөмбөг /эрэгтэй/, таеквондо, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, теннис, 3х3 сагсан бөмбөг зэрэг 11 спортын төрлөөр 100 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй оролцуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )