Super Junior хамтлагийн И Тыг "Би Солонгосчуудаас айдаг" гэв

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Super Junior хамтлагийн гишүүн И Тыг Солонгосчуудаас айдаг, тийм ч учраас юу ч хийхийг хүсэхгүй байгаа тухайгаа дурджээ. 

К-поп ертөнцийн бараан сүүдэр Super Junior хамтлагийн И Тыгийг ч мөн дайрсан бололтой. Тэрээр саяхан өөрийн юүтүб хуудсаараа дамжуулан шууд нэвтрүүлэг хийн үзэл бодлоо хуваалцжээ. Энэ үеэрээ Япон болон Азийн бусад орнуудад түлхүү ажиллахыг хүсэж байгаа тухайгаа дурдан "Би Япон зэрэг бусад улс орнуудад түлхүү анхаарлаа хандуулж ажиллах хүсэлтэй байгаа нь би Солонгосын зах зээлээс эмээдэгтэй холбоотой. Саяхнаас тийм болсон хэрэг биш л дээ. Өмнө нь ч гэсэн тийм л байсан. Би энд тэнд шоу, эсвэл тоглолтод ганцаараа оролцохоор болвол "Намайг тэнд очхоор хүмүүс намайг шүүмжилбэл яах билээ?" гэж санаа зовж эхэлдэг. 

Би хувьдаа Солонгосчуудыг хамгийн аймшигтай хүмүүс гэж боддог. Тийм ч учраас бусад улсад үйл ажиллагаа явуулах нь надад амар санагддаг. Харьцангуй стресс багатай байдаг гэх үү дээ. Би Солонгос хүн. Улсаа үзэн ядаад байгаа хэрэг биш л дээ. 20 жилийн туршлагатай дуучин хүн хэдий ч янз бүрийн шоунд оролцох үед тэд намайг "Тэр одоо ч гэсэн байсаар байгаа юм уу.  Тэр ийм хөгшин байж яагаад ингээд байдаг юм бол" гэх нь элбэг. Үүний оронд "Хөөх, энэ олон жилийн дараа гэхэд тэр формтой хэвээрээ, сайн ажиллаж байна шүү" гэж хэлэх нь өөр хэрэг. 

Намайг эерэгээр хүлээн авдаг хүмүүс ч бий л дээ. Тиймээс хувь хүнийхээ хувьд чухам хэн болохыг минь үнэлээсэй гэж хүсдэг. Эдгээр айдас намайг нийгмээс өөрийгөө тусгаарлаж, бусдаас зайгаа барихад хүргэсэн. Тиймээс илүү нам гүм, амар тайван амьдрахыг илүүд үзэж байна. Үнэнийг хэлэхэд одоо ганцаараа шинэ зүйл туршиж үзнэ гэдэг үнэхээр аймшигтай санагдаж байна. Урьдынх шигээ байх гэж хичээсэн ч хэтэрхий олон удаа шархалсан" гэжээ. 

Энэхүү бичлэгийн дараа түүний шүтэн бишрэгчид түүнийг дэмжсэн хэвээр буйгаа илэрхийлэн, хорлонтой сэтгэгдэл бичиж, ямар ч хамаагүй өө хайн бусдыг доромжилдог хүмүүсийг энэхүү үйлдлээ эргэн нэг харахыг хүссэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top