"Дайчид" дараалан хожигдож, тэргүүллээ алдлаа

Админ | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Мэргэжлийн сагсанбөмбөгийн НБА-ийн шинэ улирал эхэлснээс хойш тун амжилттай тоглож, 12 хожил,3 хожигдолтой "Өрнө" бүсийг тэргүүлж явсан "Голден стэйт уорриорз" баг сүүлийн хоёр тоглолтод дараалан (Сан Антониод 94:104, Брүүклинд 120:128) хожигдон тэргүүллээ алдлаа.

Энэ улирал эхэлснээс хойш анх удаа дараалсан ялагдал хүлээж буй нь энэ, "Алтан мужийн дайчид". Хамгийн гол нь "Дайчид" энэ хоёр тоглолтод бараг л адилхан гэмээр дүр зургаар хожигдов. Аль алинд нь тоглолтын 3 дугаар үеийн дунд ороход +17, +18 оноогоор (!) илүүрхэж явсан ч "бариулсан нь" юунаас болов? Мэдээж ядралт (Сүүлийн долоон өдөр таван тоглолт хийсэн) байж болох ч гол шалтгаан биш болов уу? Дасгалжуулагч Керр мөн сүүлийн хоёр хожигдол ядралттай холбоогүй, өөрсдийн гүйцэтгэл муугаас болсон. Бид улам сайн тоглох хэрэгтэй. Энэ бол дасгалжуулагчийн хувьд надтай холбоотой гэж хэлэв.

Керр тоглолт бүрт 11-12 тоглогчийн тэнцүүхэн ашиглаж, дунджаар 28 минутаас илүү тоглож буй ганц тоглогч байхгүй, 13 тоглогч багадаа 12 минут талбайд гарч буй. Энэ нь прессинг буюу шахалт хийх, хурдтай тоглоход үр дүнтэй ч улирал дуустал ийм их энерги хүрнэ гэхэд эргэлзээтэй. Мэдээж Керр улирлын эцсийн үр дүн, том зургаа бодож буй болохоор фэнүүдийнхээ Бадди Билдэд хэтэрхий их "эрх чөлөө" өгч байгаа, Брэндин Пожемскид Мозес Мудигаас илүү их цаг талбайд гаргаж байгаа, Көрри, Грин нарыг дэндүү их амрааж байна гэсэн шүүмжлэлд "булуулж" байгаа нь бас оргүй зүйл биш ээ.

"Уорриорз"-ийн сүүлийн хоёр хожигдлын гол шалтгаан хамгаалалт байж болох юм. Дөрөвдүгээр үед 41 оноо өрсөлдөгчдөө алдаж байхад хожих тухай ярихад хэцүү. Бас нэг " дайчдын" хөндүүр сэдэв бол чөлөөт шидэлтийн гүйцэтгэл. Хэрэв чөлөөт шидэлтээ сайн гүйцэтгэсэн бол тоглолтын дүн өөр байх ч боломж байсан байх. Улирлын дундуур явагдах болсон "NBA Cup" тэмцээнд "Уорриорз" гурав тоглоод гурван хожил авч , шөвгийн наймд шалгарсан цорын ганц баг болоод байгаа. Тиймээс "Уорриорз" ойрын гол зорилго нь НБА-ийн цомд амжилттай тоглох болж, улирлын зарим тоглолтоо "туршилт" болгож байна гэсэн сонирхолтой өнцөгөөс ч ярих хүн гарсан.

Одоогоор Керр 12 тоглогчийг жигдхэн ашиглаж буйг дээр хэлсэн. Энэ нь нэг талаар бүгд өөртөө биш нэг нэгэндээ найдах сул талтай ч байж болох. Гэх мэт олон янзын бодох зүйл буй ч урт улирлын явцад хожигдол бол байх л зүйл. Дараалан хожигдох байтугай дахиад хэдэн арав ч хожигдох л байх. Гол нь хожигдлоосоо улам сайжирч, алдаагаа засаад явах л чухал даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top