Айл гэрийн эзэгтэй, эрхэлсэн ажилдаа нямбай, нэг хүн амжуулахад бэрх олон албыг амжилттай гүйцэтгэж яваа “Рояал” олон улсын их сургуулийн эрдэм шинжилгээ,сургалт эрхэлсэн дэд захирал, өмгөөлөгч Я.Батхандыг энэ удаагийн ярилцлагадаа онцоллоо. Тэртээ 2003 онд алс баруун хязгаараас эрдэм сурахаар ирсэн тэрбээр судалгаа шинжилгээ хийхийн сацуу өмгөөллийн ажилдаа хэдийнэ өсөж хөгжжээ. Мөн түүний мэргэжлийнхээ чиглэлээр туурвиж буй оюуны үнэт бүтээл гадаад дотоодод хэвлэгдсээр байна. Мөдхөн шинэ бүтээлүүдээ өлгийдөн авч оюутан залуусын хүртээл болгохоор зорьж буй түүний эрдэм судлалын ажил дуусаж дундрашгүй арвин юм.
-Мэргэжлийнхээ үнэ цэнээр бахархаж, эзэн болж явна гэдэг юутай сайхан. Ийм л ертөнцөд та хуульч мэргэжлийг сонгожээ. Нөгөө талаас дөнгөж оюутны ширээнээс гарсан залуухан багш ажлын гарааг хаанаас эхэлж байв гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Миний хувьд ИЗОУИС-ийг 2007 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэр үед сургуульдаа багшаар үлдэх санал ирсэн юм. Тэр дагуу амьдралдаа жигүүр ургуулах анхны замыг нээсэн сургуулиасаа ажлын гарааг эхлүүлж байлаа. Үргэлжлүүлээд 2009 онд “Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалт” сэдвээр магистр хамгаалж, 2011 онд хуульчийн мэргэжлийн шалгалт өгсөн. Багшийн ажлын хажуугаар 2015 оноос өмгөөлөл хийж, эрүүгийн хэргээр шүүх хуралдаанд оролцож эхэлсэн. 2017 оны долоодугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхэлсэн. Багш нар маань бүх зүйл шинээр эхэлж байгаа учраас хэн сайн хуулиа судалсан нь сайн өмгөөлөгч болно гэж захидаг байлаа. 2018 онд ахлах багш, тус сургуулийн хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, 2019 онд захирлаар томилогдоод 2022 оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр доктор хамгаалахаар судалгааны ажлын чөлөө авсан. Тухайн оныхоо долоодугаар сард залилах гэмт хэргийн судалгаагаар хууль зүйн ухааны доктор хамгаалсан. 2023 оны хоёрдугаар сараас “Рояал” олон улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. 2020 онд өмгөөллийн фирмийг шавь Түвшинтөгсийн хамт байгуулж байсан бол өдгөө 12 хүнтэй болж өргөжсөн. Бид эрүү иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Ид хийж бүтээх насандаа яваа шижигнэсэн залуучуудаас бүрдсэн хүчтэй баг хамт олон бий. Тухайлбал, залуу өмгөөлөгч Түвшинтөгс маань арын албыг маш сайн даадаг итгэлтэй, шуурхай учраас сургуулийнхаа ажлаа доголдолгүй хийгээд явж байгаадаа баяртай байдаг.
-Энэ олон ажлыг зэрэг амжуулах, мөн өөр салбарт хөрвөж ажиллахад ур чадвар, цагийн менежмент чухал. Гэвч багш хүмүүсийг олон онцлогтой гэж хардаг шүү?
-Эхний үед төлөвлөсөн ажлаа утсан дээрээ бичдэг байсан бол одоо дотроо зурагласнаа ярьж төлөвлөөд явдаг болсон. Өөрөөр хэлбэл, шүүх хурлынхаа товуудыг тэмдэглээд, бусдыг нь тархиндаа бичдэг. Хажуугаар нь ар гэр, үр хүүхдэдээ цаг зав гаргах ёстой.
-Танай хуулийн фирм маш олон чиглэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Сүүлийн үед залилангийн хэрэг газар аваад байна. Энэ мэт эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгчдэдээ итгэл найдвар төрүүлж байгаа талаар та юу хэлэх бол?
-Миний хувьд зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэг дээр түлхүү ажилладаг. Өнөөдөр дэлхий даяарчлагдаж байгаа энэ үед гэмт хэрэг ч бас хувьсан өөрчлөгдөж, хэлбэр шинжээ өөрчилж байна. Үүний нэг нь залилангийн гэмт хэрэг бөгөөд 23 дахь төрөл нь дэлхий нийтэд илэрчихлээ. Ялангуяа цахим залилан маш олширч байгаа. Гэмт хэргийн хохирогч ч, холбогдогч ч тухайн шүүгдэгчийн өмгөөллийн явцад хамгийн төвөгтэй ээдрээтэй асуудал нь хохирол төлөх, өр барагдуулах байдаг. Цаашилбал, хэдэн зуун саяар нь залилснаа төлөхгүй болохоор ял нь өндөр байдаг. Ийм сэтгэл эмзэглүүлсэн асуудал олон байдаг. Боломжтой бол хохирлыг нь төлүүлээд ялыг нь бага ч болов хасуулчих юмсан гэж бодохын сацуу хохирлоо л төлж чадахгүй бол яллагдагч хорих руу яваад, хохирогч өмгөөлөгчтэйгээ үлддэг нь харамсалтай. Байгаа бүхнээ залилуулсан хохирогчийн маань амьдрал өдрөөс өдөрт дордож байгааг харах бүр ч хэцүү байдаг. Иймд төрийн байгууллагын зүгээс залилах гэмт хэргийн хохирогчийг олж тогтоогоод өгөөч гэдэг талаар маш их хүсэлт гаргаж байгаа. Тухайлбал, гурван хүн нийлээд 700 сая төгрөг залилсан байхад энэ мөнгө нь хаана байна вэ. Мөрдөгч болон прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой гэдгийг судалгаагаар гаргаад ирсэн. Энэ асуудлыг шийдвэрлэж чадвал хаана хаанаа л хэрэгтэй байна. Магадгүй тухайн яллагдагч 5-6 жил хоригдоод гарч ирлээ гэхэд түүний цаана маш олон хохирогч хөрөнгө мөнгөний эх үүсвэрээсээ салаад үлдэж байна. Тийм учраас төрийг төлөөлж эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа прокурор мөрдөгчдийн зүгээс энэ талаарх судалгаан дээр үндэслэсэн саналаа хэлсээр яваа. Хэрэв ажил хэрэг болгож чадвал хохирол төлөх ажиллагаанд маш олон гарц гаргалгаа бий. Учир нь хохирлын мөнгийг гаргахдаа манайхан өөрийнх нь нэр дээр байхгүй гээд л орхидог. Гэтэл тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш түүний аав ээж, багын найз, үеэлүүдийнх нь нэр дээр байгаа хөрөнгийн лавлагааг авахад гараад ирэх боломжтой. Ингэж нарийн аргаар мөрдөхгүй бол тухайн хүн ялаа эдэлж гарч ирээд л хөрөнгөтэй болохыг үгүйсгэхгүй.
-Өмгөөлөгч байхын сайхан нь юу вэ, ихэнхдээ хүний эрх ашгийг хамгаалдаг буянтай ажил хэмээдэг?
-Өмгөөлөгч дээр инээсэн хүн ирдэггүй. Тиймээс хууль зүйн зөвлөгөөнөөс гадна сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгдөг. Үүний дараа бага ч болов сэтгэлд нь нар гийж, нүд нь гялалзах мэдрэмжийг харж, хүнийг баярлуулах хамгийн гоё агшин. Угтаа өмгөөлөгч амлахыг хориглох хуультай. Харин тухайн хэргийн талаарх гарц гаргалгааг нь чиглүүлж өгөх нь чухал. Дээр нь магадгүй прокурорын шатанд яллах дүгнэлт хүчингүй болох, эсвэл өөрчлөлт орж эрх зүйн байдал дээрдэхэд мөн хохирол төлүүлэх, улмаар шүүхийн шатанд цагаатгахаас шиг сайхан мэдээ юу байх билээ. Зүйлчлэлийг нь хөнгөрүүлж, үйлчлүүлэгчийнхээ хохирлыг төлүүлэх гээд өмгөөлөгч хүн болохгүй байгаа зүйлийг зөв голдрилд нь оруулдаг, хэрэг оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалдгаараа нийгмийн эмч хэмээгддэг юм.
-Эрдмийн ажил үнэхээр ихийг уншиж судлахын тулд цаг хугацаа шаарддаг ажил. Тэгж гэмээ нь чанартай сайн бүтээл гарах учиртай?
-Судалгааны ажлаа хийх явцдаа орос солонгос, монгол хэл дээр бүтээлээ хэвлүүлсэн. Хамгийн сүүлд БНХАУ-д “Залилах гэмт хэргийн харьцуулсан судалгаа” өгүүллэгээ хэвлүүлэхээр явуулсан. Удахгүй Цахим болон сэтгүүл хэлбэрээр ирнэ. Солонгост хэвлүүлсэн сэтгүүл маань ч мөдхөн ирнэ. Дандаа л “залилах гэмт хэргийг харьцуулсан судалгаа, тулгамдаж байгаа асуудал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох, залилах гэмт хэрэг бий болсон түүх, олон улсын гэрээ конвецид тусгагдсан байдал” гэх зэргээр олон талаас нь судалж байгаа.
-Багшлах, өмгөөлөл хийх оюуны их ачааллыг хэрхэн яаж тайлдаг вэ?
-Нэгдүгээрт, оюутнууддаа онол практикийг хослуулан зааж байгаа 90 минут миний бас нэгэн баяр баясгалан. Стресс тайлагдаад сэргэлт авдгаараа гайхалтай. Ялангуяа эрүүгийн хэргийн өмгөөллийн ажил маш их тэсвэр тэвчээр шаарддаг учраас тэр бүгдээ мартаад тэрхүү 90 минутыг гэгээхэн, эгэлхэн, цагаахан оюутнуудтайгаа өнгөрөөх маш гоё мөч байдаг. Хоёрдугаарт, чөлөөт цагаараа алхах юм уу, фитнест явж хөлсөө гаргадаг.
-Хоёулаа нэлээд ажил ярилаа. Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Ингэхэд таны хобби сонирхол юу вэ?
-Заан цуглуулах дуртай. Гэр, оффис, сургууль зэрэг бүхий л ажиллаж амьдарч буй орчинд маань орон орны зааны цуглуулга дүүрэн бий. Урт нас, амар амгалангийн бэлгэдэлтэй утга учиртай амьтны нэг шүү дээ.
-Эрх зүйч мэргэжил хөрвөж ажилладаг талаар дээр ярьсан. Багш хүн ч нэгэн адил насан туршдаа суралцдаг мэргэжил. Энэ хугацаанд өөртөө бий болгож чадсан зүйл гэвэл?
-Багш хүн маш олон шат дамжлагыг дамждаг. Манай сургууль маш олон оюутантай. Тийм учраас сургуулиасаа хамт олонч байдал, аливааг удирдан зохион байгуулах эмх цэгц, цаг барих, хариуцлагатай байх зэрэг олон зүйлийг өөртөө мөрдлөг болгож чадсан. Ийм л хүртээмжтэй, өгөөжтэй байгууллага даа. Оюутнуудынхаа хувьд хүнтэй яаж ажиллах вэ, хэрхэн зөв харьцах вэ, багш нь та нарын л нэгэн адил оюутан байсан, тийм учраас огт айж эмээж, биеэ барих зүйл байхгүй гэж хэлдэг. Өмгөөллийн ажил маш их тэсвэр тэвчээр сэтгэлийн хаттай байхыг шаарддаг. Сэтгэлийн хатгүй бол энэ ажлыг хийх боломжгүй. Дуулиантай том эрүүгийн хэргүүд дээр ажиллаж байгаа эмэгтэй өмгөөлөгч нарын хувьд тухайн хэрэгтээ автаж шантрахгүйн тулд эрмэг зоримог байхыг шаарддаг. Эдгээр чанаруудыг өөртөө бий болгохыг хичээж явна. Нөгөө талаас өмгөөлөл гэдэг хүний амьдралын зүй ёсны харилцаа учраас хүн чанарын үүднээс ажлаа явуулахыг хүсдэг. Хэдийгээр хуульд зааснаар тэд үйлчлүүлэгч ч гэлээ аль аль талаасаа харилцан ойлголцоод явбал нэг их гомдол гарахгүй болов уу гэж хардаг. Ийм сэтгэлээр ажиллаж чадваас өмгөөлөгч маань надад бүхий л цаг хугацаагаа зориулсан даа гэж сэтгэл дүүрэн үлдэх байх аа.
-Энэ амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл гэвэл юу байх юм?
-Хүн болж төрөхөөс эхлээд эхийн хайрыг амталж, амсаж өссөн учраас гэр бүл, хамт олон, нийгэм, хань ижил үр хүүхэд гээд алхам тутамдаа л хайрыг мэдэрч явна даа.
-Өнөөдөр бид ороо бусгаа нийгэмд амьдарч байна. Таны нүдээр харахад сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байна вэ?
-Эмэгтэйчүүд талаасаа яривал гэр бүлийн асуудал, цаашилбал гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө авах гээд ирж байгаагаас харахад эмэгтэйчүүд маань их гундуу болжээ. Тийм учраас нэг хүний хараат бус өөрийгөө хөгжүүлж, ирлэж хурцалж, өөртөө эзэн болж, хүчтэй байх гэдэг талаасаа өөртөө өндөр шаардлага тавьж амьдрах нь өөдрөг явахын тод илрэл. Эмэгтэй хүн гаднаасаа бус дотроосоо илүү гэрэлтэж гоё байх ёстой гэж боддог. Өөрөө л хүчтэй байвал тэр болгон эрэгтэйчүүд зүрхэлж халдаж чадахгүй. Тиймийн тулд эмэгтэйчүүд сул дорой байж болохгүй. Гэр бүл цуцлахад дандаа л эмэгтэйчүүд хүүхдээ аваад гундуухан явдаг хандлага бий болсныг халж амьдралд хөл тавьж буй наснаасаа эхлээд эрмэг зоримог, аливаа бэрхшээлийг даван туулах чадвар, сэтгэлийн хаттай, бие даасан байдалд суралцах ёстой. Энэ чанарууд сууж өгсөн нөхцөлд хэн нэгэнд дээрэлхүүлээд явахгүй гэж боддог.
-Таны ярилцлагаас хэн нэгэн суралцах,бахдах санаа авах, үлгэр дууриал болох болов уу гэдэг үүднээс зориуд асууж байна л даа. Иймд оюутан ахуй цагийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Анх хөдөөний охин хотод ирж оюутан болоод ИЗОУИС-ийн оюутны байранд дөрвөн жил амьдарсан. Эндээс бага ч болов хэрсүүжсэн болов уу. Дөрвөн зүгээс ирж нэг өрөөнд амьдарсан гурван найз охинтойгоо одоо ч хэвээр амьдралын найзууд болцгоосон. Дорнодын Уранчимэг, Дарханы шарын голын Шинэбаяр, Төв аймгийн Зуун модоос Оюун-эрдэнэ Увсаас би. Одоо Оюун-эрдэнэ найз иаань Япон улсад, Урнаа маань Солонгос улсад, Шинэбаяр бид хоёр хуулийн чиглэлээрээ ажиллаад явж байна. Бидний дунд мартахын аргагүй сайхан дурсамжууд сэтгэлд тодхон үлдсэн. Монгол бичгийн босоо Нэргүй багш маань / бурхан болсон / түүхэндээ нэг анги дааж авсан нь манай анги. Ихэд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан ч олон жилийн туршлагатай сайн багшийн удирдлаган дор зөв төлөвшиж, сайхан хамт олон болсон. Ингэж шат шатандаа сайн хүмүүсийн гар дамжсан учраас өдий зэрэгтэй амьдарч яваа би азтай хүн. Тийм учраас оюутнууддаа “та нар маш буянтай, ирээдүйтэй зөв мэргэжил сонгосон. Учир нь, Монгол Улсад гэлтгүй дэлхий дахинд эрх зүйч шиг олон хөрвөдөг мэргэжил хаа ч байхгүй. Тоолж үзэхэд 44 ажлын байр бий болж, эрх зүйч мэргэжилгүй нийгмийн харилцаа, ажлын байр огт байдаггүй юм байна гэж харж байгаа. Монгол Улс гэр бүлийн дундын хуульчидтай болсон энэ үед эрх зүйч хуульч мэргэжилтэй хүмүүс нийгмийн хаана л харилцаа байна, тэр болгон дээр явж байгаа. Хүний амьдралын эцсийн цэг ердөө л сайхан амьдрахад оршдог, энэ бүхэнд мэргэжил маань тусална гэж бахархан хэлэх дуртай.
-Тийм шүү, харин таны хувь талаас бахархлын тухай бодол гэвэл?
-Миний бахархал эх орон, ээж аав, найз нөхөд, хамт олон үнэт зүйл багтаж байдаг учраас миний бахархал үнэт зүйл юм.
-Таны хэлэх дуртай үг?
-“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж хүний амьдралыг бүхэлд нь илэрхийлээд хэлсэн хоёрхон мөрийг үргэлж хэлэх дуртай.
Д.Нэргүй
Сэтгэгдэл ( 0 )