ССАЖЗ-ын сайд Ч.Номин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал, ухуулгын яамны дэд сайд Мө Гао-И, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Минжуань, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Жоу Айбинг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар авто зам болон төмөр замаар таатай зорчих боломжийг нэмэгдүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан аялал жуулчлалын “Цайны зам” маршрутыг батлан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Үүний зэрэгцээ, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Харбины спортын цогцолборын туршлагаас суралцаж, ижил төстэй төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлахаар санал нэгдлээ.
Цаашлаад БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлыг хөндөж, ӨМӨЗО-ы Хөх хотод монгол уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад “Үндэсний урлагийн их театр” болон “Президент” спортын цогцолборын төсөл эрчимтэй үргэлжилж буйг онцлоод талууд хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )