Монголын өвөл үнэд орж, "KARAKORUM ICE FESTIVAL" дэлхийд үнэлэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 11


Монголын өвлийн хамгийн үнэ цэнэтэй спортын арга хэмжээ болох "Karakorum Ice Festival 2023" Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амжилттай болж өндөрлөлөө. 

БНХАУ-аас Дэлхийн уулын холбооны Олон улсын шүүгч YU KAI YI ирж оролцсон бөгөөд үзүүлэх авиралт, Олон улсын түвшинд хэрхэн хүргэх, цаашлаад тив, дэлхийн чанартай тэмцээн болоход хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч, санал солилцов.

Энэ бол олон жилийн турш тууштай, өндөр зохион байгуулалттай, тасралтгүй, Олон улсын стандартыг тэмцээнээс тэмцээнд шингээж ирсэн Зохион байгуулагчдын хувьд том үнэлэмж хийгээд боломж юм. 

АНУ, Франц улсын иргэд, мөсөнд авиралт сонирхогчид  зорьж ирэн оролцсон нь цаашид "Karakorum Ice Festival" Олон улсын чанартай фестиваль болох эхлэлийг тавьсан чухал ололт байлаа гэж Аялал жуулчлалын болон спортын мэргэжилтнүүд дүгнэсэнтэй санал нэгдэж байна. 

Фестивалийн гол арга хэмжээ болох Мөсөнд авиралтын тэмцээнд нийтдээ 56 тамирчин оролцлоо. Фестивалийг үзэж сонирхохоор Улаанбаатар, Увс, Өвөрхангай аймгаас нийтдээ 3000 орчим хүн хүрэлцэн иржээ. Орон нутгаас ач холбогдол өгч, олон төрлөөр "KARAKORUM ICE FESTIVAL 2024" улам өргөн хүрээнд болсон нь өмнөх жилүүдийнхээс илүү давуу талыг бий болгов. 

"Karakorum Ice Festival” бол 2012 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа Монголын өвлийн аялал жуулчлалын тэргүүн эгнээнд бичигдэх эвент юм. Хүүхэд, залуусын дунд мөсөнд авиралтыг сурталчилах, хөгжүүлэх үндсэн зорилгоор анх фестивалийг эхлүүлж байсан бол өдгөө Олон улсын чанартай тэмцээн болон өргөжих сорилтыг амжилттай давж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн анхаарлыг нэгэнт татах болжээ. 
 


2023-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн аяллын бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд энэхүү фестивалийг өргөжүүлэн, бүс нутгийн хэмжээний болгох нь зохион байгуулагчдын зорилго юм. 

2012 оноос хойш нэг ч удаа тасалдуулалгүй, жил дараалан зохион байгуулж ирсний үр дүнд 2024 оны фестивалд БНХАУ, АНУ, Францын мөсөнд авирагчид ирж авирсан нь эхний үр дүн мөнөөсөө мөн. 

Монголд мөсөн авиралтын мэргэжлийн түвшний тамирчид бий болж, Монголын тамирчдын дундаас "Дэлхийн цом"-ын алтан медальт 2 тамирчин, "Дэлхийн цом"-ын аварга 1, Дэлхийн аваргын мөнгөн медальт 1, хүрэл медальт тамирчид хэд хэд төрөн гараад байгаа нь энэхүү фестивалийн нөлөөлөл, үр дүнтэй холбоотой. 

Мөн аялал жуулчлалын зорилгоор Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Увс аймагт байгалийн хад ашиглан бүтээсэн мөсөн ханыг бий болгон, гадаад, дотоодын жуулчдыг мөсөнд авируулж байна. Рашаантын хүрхрээ, Мухар Шивэртийн хүрхрээ, Гоожуурын хүрхрээнд гадаадын жуулчид очиж авирч байгаа нь мөсөнд авиралт нь өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж байгааг илтгэж байна.

Тэмцээнийг санаачлагч, гол зохион байгуулагч "Mongolia Expeditions" компани болон дэмжигч, хамтрагч байгууллагуудад ТАЛАРХАЛ илэрхийлье. 
 


ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТНУУД
 

  • "KARAKORUM” цомын эзэн эрэгтэй: Ч.Мандахбаяр
  • "KARAKORUM” цомын эзэн эмэгтэй: Н.Сэлэнгэ

 

Тэмцээний мэргэжлийн эрэгтэй ангилалд
 

  • 1-р байр: Ч.Мандахбаяр, 08.03сек
  • 2-р байр: О.Сайханжаргал, 09.30сек
  • 3-р байр: Н.Хэрлэн, 09.56сек


Мэргэжлийн эмэгтэй ангилалд

  • 1-р байр: Н.Сэлэнгэ, 10.85сек
  • 2-р байр: Ж.Амина, 15.97сек
  • 3-р байр: Энхрий-Эрдэнэ, 36.84сек


Сонирхогчид эрэгтэй ангилалд
 

  • 1-р байр: Б.Бямбадорж, 29.59сек
  • 2-р байр: Г.Чагнаадорж, 30.99сек
  • 3-р байр: Ж.Ганзориг, 31.01сек


Сонирхогч эмэгтэй ангилалд
 

  • 1-р байр: Д.Чимэддулам, 1мин 37сек
  • 2-р байр: Б.Батцэцэг, 1мин 44сек
  • 3-р байр: Д.Оюунцэгмэд, 2мин 77сек
     

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Close menu