Хувцас загварын ертөнц ер бусын хувьсамтгай, тэр бүхний араас хөөцөлдөнө гэвэл бүтэшгүй мөрөөдөл. Гэхдээ л ямар боловч тухайн жилийн загвар хааш нь хөтөлж буйг бүсгүйчүүдээс эхлээд бүгд л шохоорхон сонирхдог билээ. Ингээд ирэх 2025 онд загварын чиг хандлага ямар байх талаар гаднын загвар зохион бүтээгчид юу өгүүлж буйг сонирхоё.
#1 НЭХИЙ ЭДЛЭЛҮҮД
Ан амьтны арьс үсэн эдлэл хэрэглэхээс өдгөө аль болох татгалзаж буйг загвар сонирхогчид, трэнд дагагчид мэдэх болсон. Тийм ч учраас 2025 оны загварын нэхий эдлэлүүд нь эко, хиймэл нэхий байх юм. Амьтны арьснаас үл ялгагдах эко нэхий эдлэлүүд сүүлийн жилүүдэд загварлаг бүсгүйчүүдийн таашаалд бүрэн нийцэх болсон. Энэ гоёл ирэх жил ч загварын тайзнаас буухгүйг мэргэжилтнүүд онцолж буй. Угтан ирж буй 2025 оны өвлийн эхэн сарууд, мөн тухайн жилийн сүүлээр овор ихтэй нэхий хувцаснууд загвар дагагчдын анхаарлын төвд орж ирэх аж. Нэхий малгай ч тухайн улирлын жинхэнэ трэнд болох чиг гарчээ. “Дулаахан бөгөөд дэгжин” гэх хандлага ирэх жилийн хүйтний улирлын гол “уриа” болох гэж байна. Бүсэлхийгээ тодруулж, ид хүйтнээр ч дэгжин байдлаа харуулахын тулд өргөн бүс, хиймэл арьсан уяа, агсарга ч нэмэлт чимэг болж өгөх нь гарцаагүй. “Өвөлд сайхан хүнгүй”, “Ганган хүнд гархи нэмэр” гэх хуучны үгс аль эрт ул болсон цаг шүү дээ.
#2 ЧИДУН ЖИМС, ШОКОЛАД, БАДМААРГИЙН ӨНГӨ ЗАГВАРТ ГЭГЭЭ НЭМНЭ
Шинэ жил гарч, шинэ улирал эхэлнэ гэдэг загварлаг хатагтай нарын хувьд хувцасны шүүгээндээ шинэчлэлт хийх цаг гарцаагүй мөн. Шинэ онд таны дүр төрхөд гэгээ нэмэх хэд хэдэн гол өнгө зонхилох төлөв гарчээ.
Бадмааргийн өнгө: Бургунди буюу бадмаараг чулуу, гүн улаан дарсны өнгө ирэх жилийн загварын хандлагад хүчтэй хэвээр байна. Эрт цагт энэхүү хүрэн улаан өнгийг хүч чадал, эр зориг, ид хавын бэлгэдэл хэмээн үздэг байв. Тэр бүү хэл бүсгүй хүн бургунди өнгийн бугуйвч зүүдэлбэл санхүүгийн эрх мэдлийг атгана ч гэх нь бий. Хүрэн улаан өнгийн даашинз үдшийн хүлээн авалтад алтлаг болон өнгө ижил гоёл чимэглэлтэй хослон гайхамшигтай харагдах болно. Ийм өнгийн хувцас, малгай, ороолт өдөр тутмын хэрэглээнд ч дэгжин харагдуулах нь гарцаагүй. Өмсөж буй хүнийхээ бие даасан байдлыг тодотгож өгдгөөрөө бургунди өнгө загварын ертөнцөд байр сууриа эзлэхээр ирж байна.
Оливын буюу чидун жимсний хар ногоон өнгө: Ийм өнгө орчин цагийн нүргээнт хотын орчинтой гойд зохицон найрч, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэх болно. Хар ногоон өнгө үндсэн өнгүүдтэй уусан зохицож, өдөр тутмын хувцаслалтад тохирох ажээ.
Шоколадан бор өнгө: Шоколадны тосон бор өнгө нь дулаан таатай мэдрэмж төрүүлж, тав тухыг мэдрүүлнэ. Гадуур хувцсанд тосон бор өнгө илүү зохимжтой гэж загвар зохион бүтээгчид үзжээ. Гоёл чимэглэлийн зүйлсэд ч хачир нэмж, дурын хувцастай өнгө хосолж чадах ажээ.
Цөцгий адил цагаан шаргал, цайвар өнгө ч аль ч улиралд зохицож, бусад хурц тод өнгөтэй төгс хослох болно.
#3 УРТ БЭЭЛИЙ
Урт бээлий загварт дэгжин, чамин төрх нэмэх нь. Хамгийн энгийн хувцсыг ч урт бээлий тансаг загварынх мэт “төрөл арилжуулна” гэдгийг санаарай. Тансаг хувцсыг бол зүгээр “ургуулаад л өгнө” гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас хэвшиж дадсан классис хар бээлийгээ тайлж, хүрэн улаан өнгийн урт бээлийгээр солиод 2025 он руу урагшаа.
#4 ИЛГЭН МАТЕРИАЛ ЭРГЭЭД ЗАГВАРТ...
2025 онд илгэн материал үнэ цэн, загвар, чанарыг эрхэмлэгчдийн хувьд жинхэнэ “олз” байх болно. Илэг загварын ертөнцөд чухал байр суурь эзэлж, цүнх, гутал, зарим нэг гоёл чимэглэл төдийхөнд л хэрэглэгддэг байснаасаа илүү өргөн хүрээг хамрах болно. Энгийн хэрэглээнд ч, илүү дэгжин хувцаслалтад ч илгэн материал таарч тохирдгоороо онцгой. Илгийг өмд, банзал, цамц, гадуур хувцас, юунд л бол юунд түгээмэл ашиглаж болдгоороо загварын ертөнцөд гайхалтай байр суурьтай байх болно.
#5 “АЖЛЫН” ХҮРЭМ
“Ажлын” хүрэм загварын ертөнцөд орж ирэх нь ихээхэн маргаантай асуудал тарих нь ойлгомжтой боловч 2025 онд энэ бүхнийг сөрөн трэнд болж ирэх нь тодорхой болжээ. Мэдээж энэ нь ихээхэн маргаан дагуулж буй бөгөөд хаана, ямар орчинд “загварлаг” харагдах вэ гэдгийг бодолцох учиртай юм. Ирэх улиралд “ажлын” хүрэм янз бүрийн чиглэлээр трэнд болох бололтой. Масс хэрэглээнд төдийгүй зөвхөн хувь хүнд зориулсан чиглэлээр загварын долоо хоногуудад танилцуулагдаж, тансаг зэрэглэлийн брэндэд ч “ажлын” хүрэмний деталиудаас шигтгэж болох гэнэ. Хаана, хэн, хэрхэн үүнийг “амилуулж” буйг харах л бидэнд үлдлээ. Гудамжинд дэгжин бүсгүй ийм хувцастай явж байвал гайхах хэрэггүй шүү гэдгийг урьдчилан сануулъя.
#6 ӨРГӨН МӨР
Энэ загвар таны бие галбирыг өөрчилж, элсэн цаг мэт харагдуулж болох гэнэ. Хувцасны мөр өргөссөнөөр бүсэлхийг нарийн мэт харагдуулж, эмэгтэйлэг шинжийг улам тодтгоно. Бас таны дүр төрхийг эрхэмсэг мэт дээшлүүлж харагдуулна. Гагцхүү энэ загвар таны биеийн онцлогт тохирох эсэхийг сайтар шинжиж байж өмсөх эсэхээ шийдээрэй.
#7 ПРЕППИ - “КОЛЛЕЖИЙН” ЗАГВАР
Преппи нь “Сollege preparatory schools” гэх тэргүүлэх зэрэглэлийн их сургуулиудад элсэх оюутан бэлтгэдэг хувийн элит сургуулиудын дүрэмт хувцаснаас үүдэлтэй загвар юм. Тиймдээ ч эдгээр коллежийн дүрэмт хувцас өвөрмөц, дэгжин загварыг бүрдүүлэхэд суурь болдог. Энэ загвар албаны дресс-код, өдөр тутмын классик хувцаслалтад гойд тохирно. Тав тухыг эрмэлзэхийн сацуу загварлаг харагдахыг эрхэмлэдэг хэн бүхний таашаалд нийцэх нь гарцаагүй.
#8 БАРИУ ЖИНС ЭРГЭН ИРЛЭЭ
Саяхан трэнд болж байсан өргөн өмд, жинстэйгээ салах ёс хийх цаг болжээ. Загварын ертөнцөд бариу жинс эргэн ирж буйгаа зарлаж байна. Бие галбир, бэлхүүсийг тодотгож, ташаанаас шилбэ хүртэл барьж өгдгөөрөө скинни жинс гоолиг, өндөр харагдуулдаг. Гэхдээ хүн бүрийн бэлхүүс нарийн, хөл тэгш бус. Тийм ч учраас ердийн шулуун жинс ч загвараас гарахгүй. Ийм жинс ямар ч биетэй хүнд зохидог шүү дээ.
Жинсэн хүрэм, иж бүрэн жинсэн хослол ч загварт байх болно. Тийм хослолыг өчүүхэн төдий гоёлоор чимэглэж болдог давуу талтай.
#9 БОХО ЗАГВАР
Бохо загвар нь эрх чөлөө, эрч хүчээр бялхах мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлог. Цыган маягийн буюу бохо загварын түүх бүр XVII зууны эхнээс үүсэлтэй гэдэг. Европ даяар цыганы нүүдэл хөвөрч байсан цаг. Францчууд цыган нүүдэлчдийн амьдралын хэв маяг болох дуу хөгжим, бүжиг наадам, чөлөөт байдал, зарим үед илрэх язгууртанлаг ч юм шиг шинжийг анзаарах болов. Тэндээс “Богемын” гэх нэгэн хэв маяг үүсч цыган загварын хувцсыг “Бохо” хэмээн нэрлэх болжээ. Бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнд бохо загвар хэзээд байсаар ирсэн. Сарафан, урт хормойтой өргөн банзал, хуниас цацагтай цамц гээд юу эс байх билээ. Хөнгөн, чамин, чөлөөт байдал бохо загварын амин сүнс. Бохо загвартай хувцсыг дулаан үед ч, хүйтний улиралд ч өмсөж болдгоороо давуу талтай. Бас ямар ч материалтай зохицоно. Бохо цамцыг савхин өмдтэй ч хослуулж болдог. Ямар ч үед бохо хувцастай бүсгүй эмэгтэйлэг харагдана гэдгийг санаарай.
#10 ГОЛЬФЫН МАЯГИЙН УРТ ОЙМС
Гольфын загварын урт оймс нь зөвхөн улирлын чиг хандлага төдийгүй өвөрмөц дүр төрх бүрдүүлэх нэгэн элемент гэж хэлж болно. Танд гольф загварын урт оймс дэгжин, шинэлэг, орчин үеийн дүр төрхийг бүрдүүлэхэд тусална. Түүгээр зогсохгүй төрөл бүрийн гуталтай зохицно. Давуу тал нь гэвэл таны хөлийг дулаахан тав тухтай байлгах юм.
Сэтгэгдэл ( 0 )