ТОЙМ I Н.Алтанхуяг нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов

2024 оны 12 сарын 13

“Хөгжлийн банкны” хэмээх тодотголтой 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 11-нд шийдвэрээ гаргав. 

Өмнөх түүхийг сануулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргаж байсан юм. Тэгвэл өчигдөр Улсын дээд шүүх тус хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй байна хэмээн үзлээ. Мөн “Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэргийг үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан үйл баримтын дүгнэлт хийгээгүй гэж үзэж, ТУЗ-ийн гишүүдийн холбогдсон хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж Дээд шүүх үзлээ.

Тухайн хэргийг Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг, ТУЗ-ын дарга, гишүүдийн хэрэг, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг, банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг, зээлдэгч нарын холбогдсон хэргүүд гэсэн таван хэсэг болгожээ. Үүнд:

Нэгд: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хэрэг дээрх гурван асуудал юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Сайд асан Н.Батбаярын холбогдсон "Монроуд" ХХК-тай холбоотой хэргийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарт холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болов.

Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг

Анхан шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тухайлбал, анхан шатны шүүх ТУЗ-ийн гишүүдийн хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй. Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм журмуудад ТУЗ болон Зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Тухайн шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр байсан талаар баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн гишүүд холбогдсон хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэв.

2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" ХХК-ийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж үзсэн. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байна. Эдгээр нь Б.Даажамба, Ж.Оюунчимэг, Б.Махбал, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг О.Хуягцогт нарын хэрэг байна.

ТУЗ-ийн зарим гишүүдийн өөр зүйлчлэлтэй хэрэг дээр дараах шийдвэрийг гаргав. Үүнд, ТУЗ-ийн дарга Б.Даажамба албан тушаалаа урвуулан ашигласан гэх хоёр хэрэг, хахууль авсан гэх хоёр, нийт дөрвөн хэрэгт холбогдсон. Эдгээрээс албан тушаалаа ашигласан гэх "Бэрэн" ХХК, "Монголдрай милк" ХХК-ийн зээлтэй холбоотой хэргийг дахин шийдүүлэхээр шийджээ. Тусдаа зүйлчлэлтэй "НВЦ" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК-д зээл олголтыг шийдвэрлэхдээ хахууль авсан нь тогтоогдсон талаарх анхан шатны шийдвэр үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн учраас энэ хэсгийг хэвээр үлдээсэн.

ТУЗ-ийн гишүүн Б.Шинэбаатар нь "Эрдэнэт" үйлдвэрийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа сонгон шалгаруулалт явуулах журмыг зөрчиж хүнд даацын хоёр ширхэг “Белаз” машин худалдан авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон. Нэг зүйлчлэлтэй "Говийн зам" ХХК-тай холбоотой хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон бөгөөд энэ хэрэгтэй хамтад нь дахин шийдвэрлэнэ.

"НВЦ" ХХК-ийн зээлийн хэрэгт ТУЗ-ийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ холбогдсон. Тэрбээр хахууль авсан. Мөн энэ хэрэгт холбоотой н.Баттөр худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг давж заалдах шатны шүүхээр тусгаарлан прокурорт буцаасан. Энэ зүйлчлэлтэй хэрэг ТУЗ-ийн бусад гишүүдийн хэргээс өөр зүйлчлэлтэй учраас харшлахгүй байна гэдэг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.

Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг

Энэ хэргийн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул гэм буруутайд тооцсон болон ял шийтгэсэн хэсэг хэвээр үлдэж буй. Энэ хэсэгт Б.Батбаярын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Чингис хаан" банк, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг багтаж байна.

Мөн Ч.Энхбатын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Монголдрай милк" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг. Б.Будхүүгийн холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, Монголдрай милк" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.

Б.Чойжилжалбуугийн холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Чингис хаан" банк, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг тус тус багтаж буй.

Эдгээрээс "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт үл хөдлөх хөрөнгө хахууль авсан гэдгийг нотолж чадаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Харин албан тушаалаа урвуулан ашигласан тухайн хэрэгт үйл баримтыг шүүхэд шийдвэрлэлгүй орхигдуулсан учраас хэргийг бусад Эрүүгийн хуулийн 22.1 зүйлд заасан үйл баримттай хамтатган дүгнэж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргасан. "Инжир" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны Тамгын газрын хэлтсийн дарга н.Ганхуяг хахууль авсан, нийтийн албан тушаалтан болох н.Эрдэнэ хахууль өгсөн хэрэгт ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж байна. "Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбоотой хэрэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг гэм буруутайд тооцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл түүний холбогдсон "Говийн зам" ХХК-тай холбоотой хэргийг дахин шийдвэрлэсэн тул хамтад нь шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Л.Мягмаржавын холбогдсон "Сэлэнгийн герефорд" ХХК, "Газ импорт" ХХК-ийн хэрэг. Д.Дэлгэрсайханы холбогдсон "Пирамид орд" ХХК, "Мон дулаан" ХХК, "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК,  "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Бэрэн" ХХК, "Инжир" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг. Д.Цогтбаатарын холбогдсон "Мон дулаан" ХХК, "Газ импорт" ХХК, "Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг. Түүний үйлдэл холбогдлоос ""Сэлэнгийн герефорд" болон "Пи си вай" ХХК-ийн хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон. Бусад үйлдлийн шүүхийн тогтоол хэвээр үлдэж байна.

Ч.Мөнхбаярын холбогдсон "Болор шүр" ХХК, "Баруун баянтранс" ХХК, "Ган хүдэр орд" ХХК, "Монгол мах импекс" ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Газ импорт" ХХК, "Монголдрай милк" ХХК, "НВЦ" ХХК, "Пи си вай" ХХК, "Бэрэн" ХХК-ийн зээлтэй холбогдсон хэрэг.

Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг

Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ажилтнууд болох Билгүүн, Уянга, Оюунчимэг, Чинзориг, Пүрэвсүрэн, Мөнхтулга, Цоожсүрэн, Батзориг, Хүчитбаатар, Амгалан, Гантогтох, Цолмон нарын хэргийг цагаатгаж, мэргэжилтэн Аззаяагийн холбогдсон хахууль авсан хэргийн зүйлчлэлийг нийтийн албан тушаалтан биш гэсэн үндэслэлээр өөрчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Харин Давж заалдах шатны шүүхээс Оюунчимэг, Чинзориг, Хүчитбаатар, Амгалан, Гантогтох нарыг цагаатгаж, Аззаяагийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэгсэхгүй болгох шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин Билгүүн, Пүрэвсүрэн, Батзориг, Батбаатар, Мөнхтулга нарын гэм бурууг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхээс энэ хэргийг хэлэлцээд Батбаатарт холбогдох магадлалын хэсгээс бусдыг нь хэвээр үлдээсэн. Түүний гэм бурууг хоёр шатны шүүхээр эцэслэн шийдээгүй учраас хяналтын шатны шүүхээс шийдвэрлэх боломжгүй байна.

Тавд: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, бусад хүмүүсийн холбогдсон хэрэг

Хөгжлийн банкнаас "Модун", "Комплант", "Нью Яармаг" ХХК, "Вертекс майнинг" ХХК-иудад зээл олгосон хэргийг хэрэгсэхгүй болгож албан тушаалтнуудыг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хууль ёсны гарсан байна. Ингэхдээ хуулийг зөв хэрэглэж, ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд "Вертекс майнинг" ХХК-ийн анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгасан шийдвэр, "Модун", "Комплант", "Нью Яармаг" ХХК-ийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Хөгжлийн банкны зээл хүүгээ бүрэн төлсөн гэв.

Зээлдэгч аж ахуйн нэгжүүдээс: "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн Батдорж, Галсанням, "Пирамид орд" ХХК-ийн Г.Цолмон, "Мон дулаан" ХХК-ийн Ш.Бүтэд, "Газ импорт"-ын П.Мягмардорж, "Монголдрай милк" ХХК-ийн Э.Бат-Эрдэнэ, "НВЦ" ХХК-ийн Ц.Баатарбилэг, "Бэрэн" ХХК-ийн Мөнхтөр, "Инжир" ХХК-ийн Б.Өлзий нар нийтийн албаны эрх мэдлээ ашиглан хамтгагчаар оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байна гэлээ.

Мөн “Шүүгдэгч Ё.Баатарбилэгийг 100 мянган ам.долларын хахууль авсан, түүнд оноосон ял нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд тухайн үед түүнд оногдуулсан таван жилийн хорих ял тохирсон байна. Түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураагаагүй байх тул Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах заалтыг өөрчилж 246 сая төгрөг гаргуулна” гэсэн өөрчлөлт орууллаа. Ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж үзсэн. Мөн түүний албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангийг нь өөрчилж мөнгө угаах зүйлчлэлээр сольжээ. Өөрөөр хэлбэл, Ё.Баатарбилэгт ногдуулсан хэргийг хэвээр үлдээлээ.

Д.Цэцэглэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.121) 14 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(139.5.218.121) 23 цагийн өмнө

ANUSDI80955877

0  |  0
Top