Хён Бин хайрын түүхийнхээ тухай АНХ УДАА ам нээв

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын хамгийн сайхан хосоор тодроод буй жүжигчин Хён Бин болон Сун Еэ Жин нарын хайр дурлал хэрхэн эхэлсэн болохыг шүтэн бишрэгчид нь өнөөг хүртэл сонирхсоор буй. Хосууд 2022 оны гуравдугаар сард хуримаа хийсэн. Тухайн оныхоо арваннэгдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан тэд 2019 онд дэлгэцнээ гарсан "Crash landing On You" кинонд хамтран тоглосноор илүү дотносчээ. 

Энэ тухай жүжигчин Хён Бин "Бид кино төсөлд хамтран ажиллаж байхдаа маш их ярилцдаг байсан учраас энэ бүхэн хэзээ эхэлсэн болохыг тодорхой хэлэх хэцүү байна. Кино зураг авалт дууссаны дараа ч бид байнгын холбоотой байсан учраас бүх зүйлс аяндаа л болсон гэж бодож байна. Хувиараа ч уулзсан, рекламны зураг авалтаар шалтгаалж ч уулзсан. Тэгээд л нэг л мэдэхэд маш дотно болсон байсан. 

Би хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх маш дуртай. Түүнтэй хамт байхын тулд цагийн хуваариа нарийн тохируулахыг хичээдэг. Наашаа ирэхээс өмнө хүүхэд маань бага зэргийн халуунтай байсан учраас байнга л бодогдоод байна. Хүүхэдтэй болох мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй л дээ. Тэр дөнгөж хоёр ой хүрч байна. Надаас илүү ээжтэйгээ адилхан санагддаг" гэжээ. 

Жүжигчин Хён Биний тоглосон "Harbin" уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Тус киноны зураг авалтыг Монгол Улсад ирж хийсэн бөгөөд киногоо сурталчлах зорилгоор Хён Бин 13 жилийн дараа ийнхүү ток шоунд оролцсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top