"Squid Game 2" дахь T.O.P-ийн дүр шүүмжлэл дагуулав

Ж.Сондор | Zindaa.mn
17 цагийн өмнө

 

Дэлхий дахинаа алдаршсан "Squid Game" киноны хоёрдугаар бүлэг өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цацагдаж, үзэгчдийн хүртээл боллоо. Санаанд оромгүй үйл явдал, сонирхолтой дүрүүдээрээ алдартай тус киноны хоёрдугаар бүлэгт Big Bang хамтлагийн T.O.P дүр бүтээсэн нь үзэгчдээс багагүй шүүмжлэл хүртсэн байна. 

Түүний жүжиглэлт "маш муу" гэх үнэлгээ авсан бөгөөд киноны найруулагч Хван Дун Хёг "Энэхүү дүр, энэхүү бүтээлд яагаад T.O.P тоглох ёстой гэдгийг үзэгчдэд батлан харуулахаар бид шийдсэн. Тиймээс түүний дүрийг хэвээр үлдээсэн" гэжээ. 

Харин үзэгчдийн хувьд хар тамхины хамааралтай болсны улмаас карьераа үгүй хийсэн нэгний дүрд T.O.P тоглосон нь түүний бодит амьдралтай хэт ижил байгааг дурдан, уг дүрийг харах тоолонд тайвгүйрхэхийн сацуу хэт муу жүжиглэлт нь киног доош татаж буйг онцолсон байна. 

T.O.P-ийн хувьд өмнө нь хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан удаатай. Найруулагч Хван Дун Хёг энэ удаад T.O.P-ийн дүрд шинэ, залуу жүжигчин тоглуулсан бол уг дүр амжилттай болж, дэлхий дахинд дахин нэг шинэ "од" мэндлэх байсан тухай үзэгчид мөн дурджээ. 

Зарим үзэгчид найруулагчийн энэхүү сонголтыг дэлхий даяарх кино сонирхогчдод зориулсан сонголт хэмээн үзэж буйгаа илэрхийлэн, киногоо амжилттай болгохын тулд Өмнөд Солонгосын үзэгчдийг үл тоож байна хэмээн шүүмжилж эхэлжээ. 

Netflix-ийн зүгээс тус улсын кино сонирхогчдын сөрөг хандлагын улмаас T.O.P-ийг дотоод болон гадаадын албан ёсны нээлт болон сурталчилгааны арга хэмжээнд оролцуулаагүй бөгөөд тус кино Өмнөд Солонгост өмнөх амжилтаа давтаж чадах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top