“MNB sport” сувгийн уран бүтээлчдийг шагналаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 30

Монгол Улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз үүсэж хөгжсөний 57 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ийн “MNB SPORT” сувгийн ерөнхий продюсер О.Ууганбаяр, найруулагч Б.Төмөрсүх, сэтгүүлч Э.Ерөөлт, О.Сонинбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар гардуулав.

Одоогийн “MNB SPORT” сувгийн эхлэл 1999 онд “Чандмань” студи нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус сувгийн хамт олон цэнхэр дэлгэрцээр дамжуулан нийтийн биеийн тамирын ач холбогдлыг иргэд сурталчлан таниулахын сацуу спортын гадаад, дотоодын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, Монголын хүүхдийн спортын өвөл зуны наадам, Монголын бүх ард түмний наадам, Монголын үндэсний спортын наадам, Монголын оюутны спортын наадам, “Тамирчдын баяр”, зуны олимп, паралимп зэрэг томоохон тэмцээн, наадмуудыг мэргэжлийн өндөр түвшинд шууд нэвтрүүлсэн гавьяатай.
 


Шагнал гардсан О.Ууганбаяр нь телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хоккей, хөлбөмбөг, бильярд, мөсний загасчлалын ДАШТ-ийг хөтлөн хүргэсэн бол редактор Э.Ерөөлт нь “Оддын замнал” нэвтрүүлэгтээ 50 орчим зочныг урин оролцуулжээ. Харин сэтгүүлч О.Сонинбаяр нь волейболын лиг, хөлбөмбөгийн ДАШТ, Залуучуудын олимп, “Парис-2024” зуны паралимпын наадмыг тайлбарлан хүргэсэн бол “MNB SPORT” сувгийн найруулагч Б.Төмөрсүх нь спортын ярилцлага, нэвтрүүлэгийг 17 дахь жилдээ найруулж буй уран бүтээлчид юм. Энгэрээ мялаасан эрхэм уран бүтээлч та бүхний үг нь цэцэн, үзэг нь хурц байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top