"STAR" хамтлагийн "Монгол хийморь" бүжиг хамгийн өндөр хандалт авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 07

 

2024 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дөрөвдүгээр байрт шалгарч, "Финалын цом"-ын эзэд болсон "STAR" хамтлагийн "Монгол хийморь" бүжгийн бичлэг "World Dance Sport Federation" юүтүб хуудаснаа байршсанаас хойш хамгийн өндөр хандалт авсан бичлэгээр шалгарчээ. 

Бичлэг цацагдснаас ердөө 10 хоногийн дараа 1 сая гаруй хүн үзэж, бүжгийн спортоор дамжуулан дэлхий дахинаа эх орон, түүх соёл, зан заншлаа сурталчилж буй нь тус хамтлагийн гол зорилгыг биелүүлжээ. Учир нь тус бүжгийг бүжиг дэглээч Д.Батсайхан Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэглэсэн бөгөөд дэлхийн тавцан дээрээс эх орноо ийнхүү сурталчилж чадлаа. 

Тус хамтлагийн 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бичлэг мөн 1.7 сая хандалт авч байжээ. Тус тэмцээний албан ёсны юүтүб хуудаснаа ийнхүү хоёр дахь удаагаа хамгийн өндөр хандалт авсан бичлэг болж буй бөгөөд дэлхийн хэмжээний тамирчдыг ардаа орхисон "STAR" хамтлагийн авьяас чадварыг ийнхүү олон улсад өндрөөр үнэлжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top