Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд 12 дугаар сарын 14-15-нд болсон бол шигшээ тэмцээн амралтын өдрүүдэд Төрийн ордонд үргэлжиллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль,Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртжээ.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд өнөөдөр буюу ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авах ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top