Хоёр хүний амь хөнөөсөн этгээдийн хэргийг прокурорт БУЦААЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
14 цагийн өмнө

 

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд:

Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийгээгүй, яллагдагч Д-н эрхийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул хохирогчийн өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Д, өсвөр насны яллагдагч Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. 

Хэргийг сануулбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар 16 настай охины хоолойг боож амь насыг нь хохироосон. Албаныхан уг хэргийг  шалгах явцад сэжигтэн этгээд өмнө нь 32 настай эмэгтэйн амь насыг мөн хохироож, цогцсыг унтлагынхаа өрөөнд нуусан байдаг. Сэжигтэн этгээд нь хохирогч эмэгтэйчүүдтэй цахимаар танилцаж, улмаар гэртээ авч ирэн ийнхүү амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн болохыг шалгалтын явцад тогтоосон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top