Мэргэжлийн бокст цахиур хагалж яваа, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн аваргын бүс хамгаалах тулаанаа ирэх сарын 15-нд эх орондоо хийх гэж байна.
“ASA Arena”-д хийх энэ тулаан нь түүний мэргэжлийн бокст хийх 12 дахь тулаан бөгөөд мэргэжлийн боксын топ дөрвөн холбооны нэг болох WBA холбооны нэр дор зохион байгуулагдахаараа онцлог юм.
Тэрбээр мэргэжлийн бокст хөл тавьснаас хойш 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан.Үүнээс таван тулааныг хүнд цохилтоор дуусгаж, өрсөлдөгчдөө буулган авсан билээ. Эдгээр тулааны зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь Хятадад хийсэн бол анх удаа эх орондоо мэргэжлийн боксын рингэн дээр гарах гэж байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө аваргын бүсээ хамгаалах тулаанаа эх орондоо хийх гэж байгаад баяр хүргэж, амжилт хүсье. Энэ удаагийн тулааны онцлог, өрсөлдөгчийн тухай сонирхоё?
-Баярлалаа. Аваргын бүсээ хамгаалах тулаанаа эх орондоо ирж хийх гэж байгаадаа баяртай байна. Миний хувьд 16 жил боксын спортод сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулж явна. Харин мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж байна. Гэсэн ч энэ хугацаанд өөрийн гэсэн багтай болсон. Энэ удаагийн тулааны өрсөлдөгчид маань 20-оос дээш тоглолттой, дэлхийн чансааны топ-15-д багтах тамирчид байгаа.
-Сүрдэх юм уу, нэг тийм зүйл бодогдох юм уу?
-Үгүй. Нэр, сүртэй тамирчин гээд айх, сүрдэх мэдрэмж төрдөггүй. Мэдээж, тоглож байгааг нь хардаг л даа. Хамгийн гол нь адилхан л хөлтэй, гартай хүн юм чинь, би ч гэсэн чадах ёстой, хийх ёстой. Чадна л гэж боддог.
-Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?
-Монголд байх хугацаандаа "Баянгол" зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилтаа хийлээ. Энэ сарын 15-нд АНУ руу буцаж, тэнд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Ирэх сарын 10-нд эх орондоо эргэж ирэхээр төлөвлөсөн.
-Хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа "Аваргуудын үдэш" гэж нэрлэсэн юм байна. Ямар боксчид ирж оролцох вэ?
-Энэ тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзнэ. WBA холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ.Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт оролцоно. Сонирхуулахад, би сонирхогчийн боксын 56 кг-д, Н.Төгсцогт ахын жинг залгамжилж авч явсан.
-Таны цаашдын мөрөөдөл?
-Дүү нараа дэлхийн рингэнд гаргах мөрөөдөл бий. Энэ тулаан ч гэсэн түүний нэг хэсэг. Би анх дунд сургуулийн сурагч, үүргэвч үүрсэн жаахан хүү 2008 оны Бээжингийн олимпод ах нарынхаа гаргасан амжилтыг хараад, түүгээр хөглөгдөж боксын спортыг сонирхох болсон. Дүү нар маань бидний тулааныг ирж үзээд ийм эрч хүч, тийм хүсэл мөрөөдлийг аваасай гэж хүсэж бас зорьж байна.
-Тэр үед таныг тосож авсан боксын анхны багш хэн байв?
-Боксоор хичээллэе гээд зорьж очиж, анх уулзсан хүн маань Б.Энхтайван багш маань. Б.Энхтайван багшийнхаа шавь нь болж “Баянгол спорт клуб”-ын тамирчин хэмээн овоглуулж, олон ч тэмцээн, уралдаанд амжилт гаргаж явсан. Мөн Улсын шигшээ багт харьяалагдахаас гадна ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, “Ажнай” группын тамирчин байсан.
-Анхны тэмцээн, дурсамж, сургамж гэвэл их л юм байгаа даа...?
-Анхны тэмцээндээ түрүүлж алтан медаль хүртэж байсныг мартдаггүй. Ер нь тухайн үед тэмцээн бүрт өөрийн хэмжээнд амжилттай оролцсон гэж боддог. Баярласан мөч олон бий. Тэмцээнд явж чадаагүй гомдолтой үлдсэн мөчүүд ч бий. Надад ялагдсан тамирчныг дэмжээд тэмцээнд явуулаад байсан. 2015, 2016 оны Улсын аварга болчихоод байхад Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүйд нь гомдолтой байсан үе ч байна. Гэхдээ одоо энэ тухай яриад яах вэ дээ. Өөр юм ярья. Хойшоо харснаас урагшаа харж, хийх гэж байгаа, зорьж яваа зүйлээ л ярья.
-Нэг удаа боксоос өөр юу сонирхдог вэ гэж асуухад “бокс” гэж хариулж байсныг санаж байна...?
-Одоо ч хэвээрээ...би хамаг л цаг заваа, хүч хөдөлмөрөө боксын спортод зориулж ирсэн, одоо ч тийм.
-Боксчин хүний эрхэм чанар юу вэ?
-Тэсвэр, тэвчээр, дээр нь хөдөлмөр. Ийм байхад бусад нь аяндаа болчихно доо.
-Энэ хүртэл хүмүүсээс хамгийн их сонсож байгаа үг?
-Намайг хичээгээрэй, битгий шантраарай гэсэн хүн олон байгаа. Монголчууд, Монголын ард түмэн надад итгэж найддаг гэдгийг би мэддэг, мэдэрдэг.
Одоо ч гэсэн тэр сэтгэлийг зүрхэндээ, тархиндаа маш ойрхон мэдэрч, хүлээж авч байна. Тэр итгэлийг алдахгүй гэж маш их хичээж байна. Хүү нь та нарыгаа дандаа баярлуулж явна аа л гэж хэлмээр байна даа.
-Таны холын зорилго том бөгөөд тодорхой. Харин ойрын төлөвлөгөө, зорилгыг чинь асууя?
-Тавдугаар сард Лос-Анжелост Дэлхийн аваргын тулаанаа хийнэ. Тиймээс энэ удаагийн тулаанд заавал ялах ёстой. Миний хувьд хичээж байна. Эх орондоо анх удаа мэргэжлийн рингэнд тулалдах гэж байна. Энэ тулаанд монголчуудынхаа уухайг сонсохыг хүсэж байна. Та нарынхаа уухай дор хүү нь заавал ялна аа.
Сэтгэгдэл ( 0 )