Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчинг сайжруулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг зохион байгууллаа. Хурлыг нээн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлэв.
Тэдний хэлсэн үгээс товч хүргэе.


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй, шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх асуудал нь шүүхээс тусдаа асуудал биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн санаа бодлыг тусгах нь чухал.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэлийн хувь хэмжээ буурсан энэ үед тус хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой. Энэхүү хэлэлцүүлгээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Банкны холбоо, Хуульчдын холбоо, шүүх, яамд, олон улсын байгууллагууд зэрэг гол оролцогч талуудын оролцоог хангаж, шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг хэлэлцэж, нэгдсэн санал дүгнэлтэд хүрч чадлаа. УИХ эдгээр шинэчлэлийг эрчимжүүлж, шаардлагатай өөрчлөлтүүдийг яаралтай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх болно.

Элчин сайд Ина Марчюлёните

Эдийн засгийг төрөлжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах нь Европын холбоо, Монгол Улс хоорондын Түншлэлийн хэлэлцээрт тусгагдсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэхүү семинар нь харилцан туршлага солилцох, сайн туршлагаас суралцах, шинэчлэлийн талаар ач холбогдолтой саналуудыг хэлэлцэж, иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүлээгдэж буй шинэчлэлд хүрэх замыг нээж өгөх замаар эдгээр тэргүүлэх зорилтуудыг шийдвэрлэх зорилготой юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны Эрх зүйн шилжилтийн багийн ахлах зөвлөх Вероника Брадаутану

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 2023 оны намраас эхлэн Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг бэхжүүлэх нь сэдэвт техникийн туслалцааны төслийг эхлүүлснийг дурдаад, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл нь холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх, системийн ерөнхий үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

М.Зул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top