"Single's Inferno 4"-ийн оролцогч И Ши Ан шүүхэд дуудагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Болзооны хамгийн олон үзэгчтэй шоунуудын нэг болох "Single’s Inferno"-ийн дөрөвдүгээр бүлэг цацагдаж эхлээд байгаа билээ. Тус бүлгийн хамгийн дуулиант оролцогчдын нэг болох И Ши Ан гэрээ зөрчсөн хэргээр шүүхэд дуудагджээ. 

Энэ сарын 21-ны өдөр түүний харьяа агентлаг болох Leaders Entertainment-аас И Ши Аныг гэрээ болон тохиролцсон нэмэлт нөхцлөө зөрчсөн тул хуулийн дагуу арга хэмжээ авах гэж байгаа тухайгаа мэдэгджээ. Тус энтертайнмент нь 2023 оны 8-р сараас эхлэн И Ши Антай хамтран ажилалж эхэлжээ. И Ши Ан 2024 оны 4-р сард "Single's Inferno" шоуны дөрөвдүгээр бүлэгт оролцохоор харьяа энтертайнменттайгаа харилцан тохиролцож, түүний 2024 оны 10-р сарын 25-нд дуусах гэрээнд 18 сар нэмж, гэрээгээ сунгасан байна. Талууд 2024 оны 5-р сард 'Single’s Inferno" шоунд оролцох гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж, зураг авалт 6-р сард эхэлжээ. Гэсэн ч зураг авалт дууссаны дараа буюу 8-р сард нь И Ши Ан гэрээгээ цуцлах бодолтой байгаагаа агентлагтаа гэнэт мэдэгдсэн бол 10-р сарын 21-нд төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээгээ цуцлах шийдвэрээ хүргүүлсэн байна. 

Энэ нь анх тохиролцсон гэрээг зөрчсөн үйлдэл бөгөөд харьяа агентлагийн зүгээс нотлох баримтаа цуглуулан шүүхэд хандсан болохоо мэдэгдээд "Бид түүнийг "Single’s Inferno"-ийн дөрөвдүгээр улиралд оролцох нь түүний хувийн болон мэргэжлийн карьерт үнэ цэнтэй боломж олгоно хэмээн үзэж түүний төлөө шаргуу ажилласан. Гэсэн ч И Ши Ан гэрээг үл тоомсорлож, агентлагаас гарч буйгаа дур мэдэн зарласан нь манай хамт олныг төөрөгдөлд оруулаад байна" гэжээ. 

Тус энтертайнментийн зүгээс энтертайнмент ерөнцөд шударга ёс, ил тод байдал нэн чухал болохыг онцлоод ирээдүйд үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү шүүхэд хандсан болохоо албан ёсоор мэдэгдсэн байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top