АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд тангараг өргөх ёслолоо хийснээс хойш тус улсад хууль бусаар цагаачилж буй иргэдийг улсаасаа албадан гаргаж эхэлсэн. Түүний энэхүү үйлдэл дуучин, жүжигчин Селена Гомест хүнд тусаж, тэр дундаа Мексик иргэдэд харамсаж буйгаа илэрхийлсэн бичлэгээ цахим хуудаснаа нийтэлсэн байна. Гэсэн ч тэрээр олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртэж, удалгүй бичлэгээ устгажээ.
Уг устгагдсан бичлэгтээ Селена Гомес "Манай хүмүүс бүгд халдлагад өртөж байна, тэр дундаа хүүхдүүд. Би сайн ойлгохгүй байна. Би маш их харамсаж байна. Ямар нэгэн зүйл хийхийг хүссэн ч чадахгүй байна. Юу хийхээ ч мэдэхгүй байна. Гэхдээ бүх зүйлийг туршиж үзэх болно, амлая" гэжээ.
Селена Гомесийн хувьд аав болон өвөө нь Мексик гаралтай хүмүүс байсан бөгөөд өөрийгөө гурав дахь үеийн Мексик гаралтай нэгэн хэмээн тодорхойлдог. Тиймдээ ч АНУ-аас албадан гарч буй Мексик гаралтай хууль бус цагаачдын өмнөөс ийнхүү харамсан нулим дуслуулсан байна. Бичлэгээ устгасныхаа дараа тэрээр "Хүмүүст өрөвдөх сэтгэлээр хандах нь зохисгүй юм шиг байна" хэмээн бичсэн ч удалгүй үүнийгээ мөн устгажээ.
Өнгөрсөн баасан гарагт цагаачлалын албаныхан хууль бусаар оршин сууж байсан 593 хүнийг баривчилсан бол дараагийн өдөр нь Майами, Чикаго, Ньюарк зэрэг томоохон хотуудад баривчлах ажиллагаа явуулж ойролцоогоор 286 хүн, ням гарагт 950 орчим хүн баривчилжээ. Энэхүү баривчлах ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.
Селена Гомес 2019 онд өгсөн ярилцлагадаа "Бичиг баримтгүй цагаачлах тухай асуудлын тухай би өдөр бүр боддог гэхэд хилсдэхгүй. Би гэр бүл болон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ улсад төрсөндөө ямар их азтай байснаа хэзээ ч мартахгүй. Гэхдээ АНУ-ын цагаачлалын тухай хууль алдаатай юм шиг санагддаг. Манай улсыг бусад орноос ирсэн хүмүүс л бүрдүүлдэг шүү дээ" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )